ОХУ-ын Ялалтын баярын парад танк, хүнд зэвсэггүйгээр зохион байгуулагдана
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд маргааш болох Ялалтын баярын парад сүүлийн хорин жилд анх удаа танк, пуужин, хүнд хуягт тээвэрлэгчгүйгээр зөвхөн явган цэргийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдах гэж байна.
ЗХУ нацист Германыг ялсны 81 жилийн ойд зориулсан энэхүү арга хэмжээний цар хүрээг эрс хумьсан нь Украины дайн төлөвлөгөөний дагуу явахгүй байгаагийн тод илрэл хэмээн ВВС агентлагийн Орос дахь редактор Стив Розенберг тэргүүтэй шинжээчид дүгнэжээ.
Кремлийн зүгээс цэргийн техник хэрэгсэл оролцуулахгүй болсон шалтгааныг "одоогийн үйл ажиллагааны нөхцөл байдал"-тай холбон тайлбарласан байна.
Энэ нь Украинд тав дахь жилдээ үргэлжилж буй мөргөлдөөний улмаас үүссэн зэвсгийн хомстол болон санхүүгийн асар их дарамтыг шууд илтгэж байгаа юм.
Тайланд дурдсанаар, Оросын эрх баригчид зөвхөн өнгөрсөн онд дайнд зориулж 190 тэрбум ам.доллар буюу эдийн засгийнхаа 7.5 хувийг зарцуулсан бол энэ онд батлан хамгаалах салбарт 170 тэрбум ам.доллар төсөвлөөд байна.
Арга хэмжээний үеэр аюулгүй байдлыг хангах асуудал хамгийн их анхаарал татаж байна.
Украины алсын тусгалын дронууд Оросын нутаг дэвсгэрт гүн нэвтэрч цохилт өгсөөр байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Владимир Путиний биечилсэн хамгаалалтыг өндөржүүлж, болзошгүй дроны халдлагаас сэргийлэхийн тулд парадын үеэр нийслэл хот даяар гар утасны интернэтийн сүлжээг бүрэн хаах шийдвэр гаргажээ. Хэдийгээр газрын техник оролцохгүй ч нисэх хүчний үзүүлэх тоглолт төлөвлөгөөний дагуу явагдах аж.

Халдлагад өртөх айдас зөвхөн нийслэлээр хязгаарлагдсангүй.
Оросын Пермь хотын ойролцоох газрын тос боловсруулах үйлдвэрт Украины дрон амжилттай цохилт өгсний дараа тус хот орон нутгийнхаа Ялалтын баярын парадыг цуцалсан байна. Түүнчлэн энэ удаагийн арга хэмжээнд оролцох гадаадын зочид төлөөлөгчдийн тоо эрс цөөрсөн нь дипломат ганцаардлыг улам тодотгов.
Тухайлбал, Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Москвад болох ёслолд оролцохоос албан ёсоор татгалзжээ.
Уламжлал ёсоор Оросын цэргийн хүчин чадал, үндэсний бахархлыг дэлхий дахинд харуулдаг байсан энэхүү сүрлэг жагсаал ийнхүү өөрчлөгдсөн нь анхаарал татаж байна. Энэ нь удаан хугацаанд үргэлжилсэн, өндөр өртөгтэй, эрсдэл ихтэй цэргийн ажиллагаа тус улсын эдийн засаг болон батлан хамгаалах нөөцөд хэрхэн хүндээр тусаж буйг харуулсан бодит дүр зураг болж үлдлээ.



