Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярт зориулсан уламжлалт илтгэлийнхээ үеэр Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа. Тэрбээр өөрсдийгөө шударга дайн хийж байгаа гэж мэдэгдээд, Украиныг НАТО-оос зэвсэг, дэмжлэг авч буй түрэмгий хүчин гэв.
Урьдчилан мэдэгдсэнчлэн Ялалтын баярын жагсаалд цэргийн техник хэрэгсэл оролцсонгүй. Гэсэн ч өндөржүүлсэн аюулгүй байдал дор олон 100 цэрэг Улаан талбайгаар жагсав. Мөн анх удаа Хойд Солонгосын бие бүрэлдэхүүн Улаан талбайд жагслаа.
Путин илтгэлийнхээ эхэнд дэлхийн хоёрдугаар дайны үеэр амь үрэгдсэн ЗХУ-ын цэргүүдийн золиосыг дурсан хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тэдний гавьяа өнөөдөр тулалдаж буй цэргүүдэд урам зориг өгч байгаа гэжээ. Цаашлаад Оросын ард иргэдийг магтан сайшааж, дайны хүчин чармайлтад хувь нэмэр оруулж буй эрдэмтэд, зохион бүтээгчид, сурвалжлагч, эмч, багш нарын үүргийг онцлон дурдав.
Илтгэлийн дараа их буунууд ээлж дараалан галлаж, цэргийн үлээвэр найрал хөгжим тогложээ.
Кремлийн урьдчилан танилцуулсан жагсаалтад дурдсанчлан Беларусийн удирдагч Александр Лукашенко, Лаосын ерөнхийлөгч Тонглун Сисулит, Малайзын дээд удирдагч Султан Ибрахим нар Ялалтын баярт оролцсон байна. Мөн Словакийн ерөнхий сайд Роберт Фико, Казахстаны ерөнхийлөгч Касым Токаев, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нар оролцсоныг "Тасс" агентлаг мэдээллээ.
80 жилийн ойн парадтай харьцуулахад энэ удаад дэлхийн удирдагчдын тоо мэдэгдэхүйц цөөрчээ. Өнгөрсөн жил Хятадын дарга Ши Жиньпин, Бразилын ерөнхийлөгч Луис Лула нарын томчууд парадыг үзэж сонирхож байв.
Путиний илтгэлийн дараа Оросын телевизүүд фронтын шугам дээрх цэргүүдийн дүрс бичлэгийг үзүүлжээ. Москва дахь парадаас өмнө Оросын зүүн бүсийн хотуудад баярын арга хэмжээнүүд болсон аж. Тухайлбал, Алс дорнодын Владивосток хотод “Үхэшгүй хороо” нэртэй ахмад дайчдыг дурсах жагсаал болжээ. Зарим жагсаалд цэргийн техник хэрэгсэл оролцсон ч ихэнх нь орчин үеийн бус, дэлхийн хоёрдугаар дайны үеийн техник байжээ. Түүнчлэн зарим хотод парад болон олон нийтийн арга хэмжээг бүрэн цуцалсан байна.
Энэ жилийн парад даруухан болох талаар парламентын гишүүн Евгений Попов саяхан ярихдаа "Манай танкууд яг одоо завгүй байна. Тэд тулалдаж байна. Улаан талбайгаас илүүтэйгээр байлдааны талбарт танкууд хэрэгтэй" гэсэн юм.



