14 настай хүү өөрийн гараар ажилладаг онгоцны хөдөлгүүр бүтээж байна
Чэ Жинган бол жирийн нэг 14 настай дунд сургуулийн сурагч биш. Тэр багаасаа нисэхийн салбарт дурлаж, суурь мэдлэгийг өөрөө судалж, бүр математик анализ (calculus)-ийг бие даан сурч, одоо ажилладаг турбо тийрэлтэт хөдөлгүүрийг өөрийн гараар бүтээж эхэлжээ.
Тэр цэцэрлэгт байхдаа цаасан онгоцонд дурлаж эхэлсэн байна. Цаасан бөмбөг шидэх, цаасан онгоц хөөргөх хоёрын ялгааг анзаарч, онгоц яагаад агаарт “хөвдөг” болохыг сонирхож эхэлжээ. Удалгүй гэрээ цаасан онгоцны туршилтын “лаборатори” болгосон нь энэ бүхний эхлэл байв.
Эцэг эхийнх нь хэлснээр Чэ өдөр бүр 3 цагийг нисэхийн шинжлэх ухааны ном уншихад зориулдаг байсан бөгөөд 3-р ангид байхдаа аль хэдийн математик анализ, аэродинамик, хэвлэмэл хэлхээний самбар (PCB), мөн SolidWorks, компьютерийн тусламжтай загварчлал (CAD) зэрэг нарийн сэдвүүдийг бие даан судалж эхэлжээ.
Нэгэн үе тэр интернэтээс заавар бичлэгүүд олж үзээд өөрөө бодит зүйл бүтээхээр шийдсэн байна. Тэрээр ихэвчлэн Хятадын TikTok гэж хэлж болох Douyin дээрх бичлэгүүдийг үзэж суралцсаар, эцэст нь жижиг хэмжээний ажилладаг турбо тийрэлтэт хөдөлгүүр хийхээр зоригложээ. Гэхдээ зүгээр нэг хуулбарлахыг хүсээгүй, харин өөрийн мэдлэг дээр тулгуурлан өөрөө зохион бүтээхийг зорьсон байна.
“Зарим хүмүүс загварын зураг (blueprint)-аа интернэтэд тавьдаг. Гэхдээ би шууд хуулчихвал ямар ч утгагүй санагдсан. Юу ч сурахгүй, зүгээр л цаг алдана шүү дээ,” хэмээн Чэ Жинган China Youth Daily сонинд ярьжээ.
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэр бүх эд ангийг анхнаас нь өөрөө зохион бүтээж, CAD дээр 2D инженерийн зураг гаргаж, SolidWorks ашиглан 3D загвар бүтээж, агаарын урсгал, температур, даралтыг симуляцийн програмаар тооцоолж эхэлсэн байна. Мөн энэ бүх явцаа Douyin дээр бичлэг болгон хуваалцаж, ижил сонирхолтой хүмүүстэй холбогджээ.
Сэтгэгдлийн хэсэгт бусад сонирхогчид зөвлөгөө өгч, зарим нь дэмжиж, бүр зарим нь түүний эд ангийг 3D хэвлэхийг үнэ төлбөргүй санал болгосон байна. Зургаан сарын дотор тэр эхний загвараа (prototype) бэлэн болгожээ. Харамсалтай нь туршилт амжилтгүй болсон бөгөөд түлш, шаталтын камерын хийц, компрессорын тэнцвэржилт зэрэг асуудал байгааг Чэ өөрөө олж тогтоосон байна. Гэхдээ энэ бүтэлгүйтэл түүнийг зогсоож чадсангүй.
Одоо Чэ Жинган илүү сайжруулсан шинэ хувилбар дээр ажиллаж, дахин туршихад бэлдэж байна. Харин түүний насны олон хүүхдүүд энэ үед Roblox тоглож, сошиал сүлжээнд цаг үрж байгаа нь сонирхолтой эсрэгцэл болж байна.
https://www.caak.mn/post/view/43808



