“Эрдэнэт” хүний болон геологийн сайн нөөцтэй. Би үйлдвэрийнхээ ирээдүйг өөдрөгөөр хардаг

“Эрдэнэт” хүний болон геологийн сайн нөөцтэй. Би үйлдвэрийнхээ ирээдүйг өөдрөгөөр хардаг

 

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн захирал Г.Ёндон энэ сарын 15-нд сэтгүүлчидтэй уулзав. Нийслэлээс эдийн засгийн сэтгүүлчид тус үйлдвэрийг зорин очиж, орон нутгийн сэтгүүлчдийн хамт хоёр өдрийн турш үйлдвэрийн ажилтай  танилцсан юм.  
 
-Бид сүүлийн арван жилд хайгуулыг тасралтгүй хийж, жилд дунджаар 10-16 тэрбум төгрөг зарцуулсан. Дэлхийд 100 настай зэсийн орд цөөн. Одоо манай үйлдвэр 48 “настай”. Дахин 56 жил ажиллана гэхээр 100 настай орд болно. Хамгийн сүүлд нээж баталгаажуулсан “Оюут” ордыг оруулалгүй тооцоход үйлдвэр 56 жил ажиллах тооцоо гарсан. 

“Оюут” ордыг хэрхэн, ямар технологиор олборлохоо одоо судалж байна.  
 
Бид 2024 оноос зэсийн баяжмалаа Уул уурхайн биржээр худалдаж байна. Би сайд байхдаа Биржийн хуулийг батлуулсан тул биржээр худалдах ёстой гэж үздэг. Гэвч заримдаа биржийн үнэ урт хугацаатай гэрээний үнээс бага байна. Тэгэхээр манай урт хугацаатай хийсэн гэрээний үнийг өндөр тогтоож чаджээ.  

Засгийн газар бидэнд ачааллаа үүрүүлсэн хэвээр байна.

Молибденийн баяжмалаа мөн биржээр худалдахаар бэлтгэж байна. Хөрөнгийн биржтэй хамтран үнэ тооцох аргачлалаа тогтооно. Стандарчилал хэмжил зүйн газар  молибденийн стандартыг батална. 2025 оны үйлдвэрийн цэвэр ашиг 742 тэрбум төгрөг байв. Үндэсний баялгийн санд 300 орчим тэрбум төгрөг төвлөрүүллээ. 
 
-Үйлдвэрийн зардал яагаад өссөн бэ? 
-Зардал 176 хувь өссөн нь импортын үнэ өссөнтэй холбоотой. Бидний худалдан авдаг нийт тоног төхөөрөмжийн 95 хувийг импортолдог. Хоёрдугаарт, цахилгааны үнэ өссөн. Бид энгийн иргэдээс 2.5 дахин өндөр үнээр цахилгаанаа авдаг. Энэ онд зөвхөн эрчим хүчний төлбөрт 400 орчим тэрбум төгрөг төлнө.  

Гуравдугаарт, дизель түлшний үнэ өссөн. Энэ оны эхнээс 80 хувиар өсчихлөө.  
 
Засгийн газар ачааллаа бидэнд үүрүүлсэн хэвээр байна. АМНАТ бол тонн тутамд  шингэсэн зардал юм, ерөнхий зардал биш. Нэг тонн зэсийн баяжмал бүрд АМНАТ шингэсэн. 
      
АМНАТ-ыг бууруулбал манай улсын зэсийн ордууд бусад улсын ордтой өрсөлдөж чадна. Монголд ганцхан манай үйлдвэр 21.6 хувийн АМНАТ төлдөг. “Оюутолгой” 5 хувийн АМНАТ төлдөг. Мөн Татварын ерөнхий газар дагалдах ашигт малтмалаас ч АМНАТ авсан.  Дагалдах элемент буюу  зэс доторх төмрөөс АМНАТ авсан. Гэтэл тэр нь бүтээгдэхүүн болохгүй шүү дээ.  

Хэдий бид төрийн өмчит үйлдвэр боловч шүүхэд хандаж, гурван шатны шүүх манай талд шийдсэн. Тэгэхээр бид Татварын ерөнхий газрын тавьсан 18 тэрбум төгрөгийн актыг төлөхгүй.     

“Цагаан Суварга” төслийг эхлүүлэхээр гаднаас зээл авах гэхэд Монголын АМНАТ өндөр гээд өгөөгүй юм билээ. Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд зэсийн АМНАТ-ыг гурван жил тогтвортой мөрдөнө гэсэн нь зөв заалт мөн.  Манай улс АМНАТ-аас жилд нийт 1.1 их наяд төгрөг олдог. Үүний 27 хувийг бид дангаараа бүрдүүлдэг.        

Үйлдвэрийн урсгал зардал өндөр тул бид геологийн нөөцөө бүрэн ашиглаж чаддаггүй. Уг нь сорчлон олборлохыг хуулиар хориглосон. Гэвч бид ашгаа өндөр байлгаж, татвар төлбөрүүдээ төлөхийн тулд сорчилж олборлохоос өөр аргагүй. Агуулга багатай хүдрээ ашиглахгүйгээр хаяж байна гэсэн үг.  

skip-share

Бид өвдөг шороодоход ойрхон байна. 

-УБТЗ танай үйлдвэрт вагон гаргаж чадахгүй гэжээ. Энэ асуудлыг хэрхэн шийдэв? 
-УБТЗ бидэнд  ирүүлсэн албан бичигтээ “Та бүхэн хувийн вагон түрээсэл” гэсэн. Зэсийн баяжмалыг тээвэрлэх нь УБТЗ-ын үүрэг мөн. Эрдэнэт  бол улсын болон орон нутгийн төсвийн орлогод томоохон жин эзэлдэг, улсын гадаад валютын нөөцийг бүрдүүлдэг, онцгой үйлдвэр. 
 
УБТЗ транзит ачааг тээвэрлэхэд илүү анхаарсан. Бид аргагүйн эрхээр вагон түрээсэлсэн. Цаашид өөрсдийн вагонтой болно.  
 
Үйлдвэрийн нийт хөрөнгө 6.8 их наяд төгрөгт хүрЛээ. Хүдэр боловсруулах хүчин чадал жилд 40 сая тоннд хүрсэн. Ингэснээр бид “Оюутолгой”-той ижил хэмжээнд  боловсруулна. Өнгөрсөн пүрэв гарагт буюу энэ сарын 14-нд Лондоны металлын биржид зэсийн үнэ 14 мянган ам.долларт анх удаа хүрлээ. Маргааш нь 13900 болсон.

Бид хөрөнгө оруулалтаа зөв цагтаа хийсэн тул үнийн өсөлтийг ашиглаж чадна.  


 
-Зэс хайлуулах үйлдвэрийн явцыг танилцуулна уу. 
-АҮЭБЯ сонгон шалгаруулалтыг явуулж, БНХАУ-ын хоёр компани үлдсэн. Бид дэд бүтцээ буюу төмөр зам, авто зам, эрчим хүчний дэд станц, цахилгаан дамжуулах шугам тавих ажлуудаа эхлүүлсэн. Удахгүй дуусна.  

Зэс хайлуулах үйлдвэрийг 100 га талбайд барина. Газраа улсын тусгай хэрэгцээнд авлаа. Энэ үйлдвэр Аж үйлдвэрийн паркийн гол бүтээн байгуулалт байна. Нийт 763 сая ам.доллараар барина. Мөн бид зөвхөн барих биш үйлдвэрт тодорхой хувь эзэмших нөхцөлийг сонгон шалгаруулалтад тавьсан.  

Түлхүүр гардуулах нөхцөлтэй бол гүйцэтгэгч тал бариад л яваад өгнө. Гэтэл үйлдвэрт асуудал гарсан бодит жишээ бий. Иймд үйлдвэрийг барьсны дараа ч үйл ажиллагаанд нь оролцож, хувь эзэмших нөхцөл тавьсан. Үүнийг зөвшөөрсний үндсэн дээр БНХАУ-ын компаниуд саналаа өгчээ. 

Зэс хайлуулах үйлдвэр “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг ашиглана. Иймд дараагийн шатны сонгон шалгаруулалтад манай үйлдвэрийн төлөөлөл багтаж ажиллах хүсэлтээ яаманд гаргасан.  

skip-share

”Эрдэнэс Монгол” манай толгой компани тул бид менежментийн төлбөр өгдөг.

-Та энэ ажлыг хүлээн авснаас хойш ажилчдын цалинг хэрхэн нэмэв? 
-Ажилчдын цалинг 30 хувиар нэмж, одоо дундаж цалин 6.3 сая төгрөг байна. Төгрөгөөр тооцвол 42 хувиар нэмэгдсэн. Гэхдээ нийтэд нь нэмээгүй, гүйцэтгэлд суурилж нэмсэн. 

“Эрдэнэт” доголдвол эдийн засаг доголдох эрсдэлтэй. Жишээ нь энэ оны улсын төсөвт зэсийн үнийг нэг тонн нь 9600 ам.доллар байна гэж тооцоолсон. 13 мянгыг давсан тул зөрүү орлогыг бид Тогтворжуулалтын санд өгдөг. Энэ мэтээр бид Орхон аймгийн болон улсын төсвийн дийлэнхийг бүрлүүлдэг.       
 
-"Эрдэнэс Монгол" нэгдэлд жил бүр олон тэрбум төгрөг өгдгийг ажилчид эсэргүүцсээр байна.  
-”Эрдэнэс Монгол” манай толгой компани тул бид менежментийн төлбөр өгдөг. Өнгөрсөн онд 80, энэ онд 120 тэрбум төгрөг төлнө. Би эсэргүүцсэн ч энэ нь нэгдлийн хэмжээнд мөрдөж буй дүрэм юм. 

Эрдэнэт шиг ашигтай ажиллаж буй үйлдвэрүүдээс авсан төлбөрөө “Мон-Атом”, Газрын тос боловсруулах үйлдвэр, Асгат гэх мэт ашиглалтад ороогүй төслүүдээ санхүүжүүлсэн. Цаашид менежментийн төлбөрийг ашгаас авах нь зөв.       

-Таныг ажлаа өгөх тухай мэдээллүүд цацагдсан.  
-Би энд дөрөв дэх жилдээ, салбартаа 35 жил ажиллаж байна. Дөрвөн уурхайд ажиллажээ. Үйлдвэрийн даргаар ирснээс хойш ажлаа өгнө гэсэн мэдээллийг түгээлээ. Энэ албан тушаалд ажиллах хүсэлтэй олон хүн бий байх. Бүх худалдан авалтыг Tender eval 2.0 хэмээх хиймэл оюунд суурилсан системээр явуулж эхлэхэд л олон хүн хүчтэй эсэргүүцсэн.  

“Эрдэнэт”-ийг удирдах амаргүй, ачаалал ихтэй, хүнд ажил. Би 2027 оны есдүгээр сард тэтгэврийн насандаа хүрнэ. Маргааш нь ерөнхий захирлын ажлаа өгөх өргөдлөө өгнө гэдгээ хамт олондоо өмнө нь хэлсэн. Одоо дахин хэлье. Төр засаг хэрэгтэй гэж үзвэл би өөр албан тушаалд ажиллана. Гэхдээ ерөнхий захирлын ажлаа хийхгүй.  

Эрдэнэт үйлдвэрт хүний их сайн нөөц бүрдсэн. Мөн геологийн  нөөцтэй. Иймд би Эрдэнэтийн ирээдүйг өөдрөгөөр хардаг. Хүн л нөөцийг ашиглана, хүн л технологийг ажиллуулна. Би хал нь гаднаа, хайр нь дотроо хүн. Залуусаа магтаад байдаггүй. Гэхдээ хийсэн ажлыг нь харахаар сайн гүйцэтгэсэн байдаг. Бидний ажил бидний өмнөөс ярьдаг гэдэгт итгэдэг.                   

-Танд баярлалаа.       

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen