Ниссаны автомашинуудын 90 хувьд хиймэл оюунт автомат жолоодлого нэвтрүүлнэ

Ниссаны автомашинуудын 90 хувьд хиймэл оюунт автомат жолоодлого нэвтрүүлнэ

 

ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч "Nissan" компани ихэнх автомашинуудаа хиймэл оюун ухаанд (AI) суурилсан өөрөө жолоодох системээр тоноглохоор төлөвлөж байна. Ингэснээр борлуулалт нь нэмэгдэнэ гэж тооцоолж байна. 

 

Тус компани шинэ загваруудынхаа 90 орчим хувьд нь хиймэл оюун ухаан ашигласан автомат жолоодлогын технологи нэвтрүүлэх зорилт тавьснаа зарлажээ. Шинэ системийг 2027 оны сүүл гэхэд Nissan Elgrand загварын машинд суурилуулах бөгөөд уг машины шинэчилсэн хувилбар 2026 оны зун худалдаанд гарах төлөвтэй байна.

 

"Nissan" компани дэлхийн хэмжээний стратегиа эргэн харж, 2030 санхүүгийн жилд Япон дахь борлуулалтаа 550 мянга, АНУ-д 1 сая, Хятадад 1 саяд хүргэх зорилт тавьжээ. Тус компанийн урьдчилан таамаглаж байгаагаар Япон дахь борлуулалт нь 420 000, Хятадад 653 000 болж буурах төлөвтэй байгаа бол Хойд Америк дахь борлуулалтаа 1.3 саяд хэвээр хадгалах зорилт тавьсан байна. Борлуулалт тааруу байгаа тул "Nissan" компани илүү үр ашигтай, эрэлттэй бүтээгдэхүүнүүддээ анхаарлаа төвлөрүүлж, загварынхаа тоог 56-аас 45 болгож цөөлөхөөр шийджээ.

 

"Энэхүү стратеги бол хөрөнгө оруулалтыг оновчтой болгох, зохион бүтээх ажлыг хурдасгах, мөн зах зээлийн эрэлтэд уян хатан байдлаар хандах зорилготой" гэж гүйцэтгэх захирал Иван Эспиноса мэдэгджээ. 

 

Энэхүү бүтцийн өөрчлөлтийн хүрээнд 7 үйлдвэрийг хаахаар төлөвлөж байгаагийн дотор Канагава мужийн Оппама дахь үйлдвэр багтсан ба 20 мянга орчим ажилтныг цомхотгох төлөвтэй байна. Тус компани мөн шинэ загваруудаа танилцуулсны дотор "Nissan X-Trail"-ийн хос хөдөлгүүртэй хувилбар, "Nissan Juke"-ийн цахилгаан (EV) хувилбарууд багтаж байна.

 

 

 

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen