Буцалтгүй “тонуул”
Сонгогчдын дэмжлэг, нэмээд танил тал нутаг жалгын үзэл, санал худалдаж авах бүдүүлэг хөшүүргээр оройд заларсан үе үеийн прагматик улстөрчинцөрүүд, сав л хийвэл буцалтгүй тусламж, хөнгөлттөй зээл гэж гуйлга гуйсаар... Тэгээд ч зогсохгүй, тохиролцсон хэлэлцсэндээ байж чаддаггүй, тууштай биш, бодитой үнэн зөв шийдэл гаргах чадваргүй... Ийм л альтуристууд холыг харахгүй, иррационалиар зүтгэлсээр байх юм даа. Бид чинь гуйлгачин удамтай юм уу? Үгүй л байлтай.
Авилга гэдэг үгийн гарвал нь эд баялаг, олз омгийг, ард олны амжилтыг нь үнэлж, тэдэнд өгдөг урамшуулал байсан юм билээ. Чингис хааны үед шүү... Гэтэл өнөөдөр гадаадаас ирж буй буцалтгүй тусламжийг хэргэм зэрэгтэн, дарга мяндагтнууд гарынхаа салаагаар урсгаж, өр төлөөс буцалтгүй “тонуул” болгож хувиргасаар.
Одоо харин өөрсдөө сэтгэж, хийж бүтээх цаг болсон. Буцалтгүй тусламж “тонуул”-д бүү хуурт, хүн бүр ирвийх дэрвийхээрээ ажиллая. Тэгэхийн тулд “ДАНХАР” төрийг нураах, оюун санааны эргэлт хийж, сайн дураараа эвлэлдэн нэгдье.
Хүн бүр эрх эрхээ хүндэтгээд хийж бүтээхийн ариун дон тусаж, амьд байж амьдаръя. Өөрөө хийж, бүтээж туурвиж, шинээр сэдэж, сэтгэдэг сэтгэлгээний асар их эрчим, цар хүрээ өргөнтөй хувь хүнийг, бизнесмэнүүдийг элдэв хуудуутай журам дүрмээр баглалгүй зүгээр орхи... Тэд чинь хөгжил цэцэглэлийг голдирлоор нь явуулчихна... Буцалтгүй тусамжийн цаана булхай нуугдана...
Алийн болгон айл амьтнаас дэм хүсэж сөнөх юм бэ? Яамдын тоог цөөл. Тэнд шургалдаг буцалтгүй “тонуулаар” тэрбумтан болдог шимэгчдийг зайлуулж, байх ёстой газарт нь аваачихгүй бол улс үндэстний аюулгүй байдалд ч хортой.
XX зуун бол техник технологийн шинэчлэлийн болоод асар хурдтай хөгжлийн зуун. Сэтгэгчид, баялаг бүтээгчид, өөрөө өөрийхөө төлөө хүн бүр зүтгэдэг, ажилладаг, амьдардаг энэ зуун бол бидний зуун. Бие биенийхээ аль ч эрхэнд халдахгүйгээр харилцан хүндэтгэлтэй байх соёл иргэншил бол XX зуун.
Энэ зуунд нүүдэлчин соёлтой Монгол дэлхийн хамгийн анхны капиталист улс болж болохгүй гэж үү?
АНУ ч энэ хүний эрхийн нийгмийг иж бүрэн хэрэгжүүлж чадаагүй юм шүү. Тэд социализм, фашизм, коммнизм руу халтиран алдаад өдий хүрсэн. Гэхдээ дэлхийд дөнгүүр нь л дээ...
Хүн төрөлхтөн зуун зуунаар өртөөлөн амьдрахдаа лай ланчиг, зовлон тарих хүнийг толгойдоо залж, тэр гайдаа өөрсдөө чирэгдэж ноолуулсаар... Түүх үргэлжилсээр...
Төрийн эрх мэдэлд тэмүүлэгсэд, ялангуяа манай өнөөгийн төр үнэн зөв санаа оноог үл тоож, зусардаж, тал засаж, дулдуйдсан яаж ч мэдэх бусармаг хар хорон бодолтой хүмүүсийн цуглуулгаар тоноглогдон, хүрээлүүлээд үнэнч алсын хараатай, сэтгэлгээ оюун бодлын цар хүрээгээр эгэлгүй эрдэмтэн мэргэд, сэтгэгчдийг таягдан хаяснаар сөнөл дампуурал руу нүүдэг...
Энэ нүүдэл айдас ачаалж, хөдөлж ядна... Дэнхэлзэнэ...
Цаазын ялыг сэргээнэ гэнэ... Тэгсэн хэрнээ алуурчныг өршөөж, өөгшүүлнэ. Энэ юу гэсэн үг вэ? Буруу үйлдлийг давраагчид аа! Ярьсныхаа эсрэг хийж, хийснийхээ сөрөг донгодогчид оо! Эрхэмсэг ноён 01 ээ? Юу болоод байна?!?
Хүн амины хэрэгтэнтэй соёлт хүн хэзээ ч эвлэрэхгүй нь мэдээж. Ёс зүй, зөв суртахууныг дархлаажуулагч капиталист тогтолцоо буруу үйлдлийг тэвчдэггүй. Зөв үйлс хүний эрхийг буруу үйлдлээс, харгис хүнээс хамгаалдаг ганцхан тогтолцоо бол капитализм. Хүн бүр өөрийнхөө ачааг үүрч, хариуцлагаа ухамсарладаг, зарчимч үнэ цэнэ, жудаг, ёс суртахуун бол капиталист тогтолцооны тулгын чулуу юм билээ.
...Тэр чулуун дээр жудаггүй “хон хэрээ” суух эрхгүй бөлгөө...
Хүний амь болон эрхийг нь өмчдөө эзэн байх жам ёсны үнэ цэнийг цагдаа шүүхээр хамгаалуулдаг нийгэм бол капиталист нийгэм юм аа.
Хүн хоорондоо харилцан бие биенийхээ эрхийг хүндэгтэсэн, хэн хэнийхээ эрхийг зөрчдөггүй, тийм л ухамсарт зарчимч чөлөөт өрсөлдөөний зах зээлийн үр дүн өмчийг эзэнд нь үлдээдэг хөшүүрөг капитализмд л байна. Өөр хаана ч биш. Бусдын эрхэнд халдахгүй, өөрөө ч хохирохгүй, хэний ч хараат бус, өөрийнхөө төлөө хэн нэгнийг золиослохгүйгээр бүтээж, бүтээлцэж, зарчимтай, өндөр ёс суртахуунтай, ая тухтай, баян тансаг амьдралыг капитализм л цогцлоох бөлгөө.
Онцгой эрх эдлэн татвар төлөгчдийн мөнгөнөөс шимж, төрд өөрийн гар хөлөө шургуулж, сонгогчдыг ч, төрийг ч авилгадан дээрэм тонуул хийж байгаа харгис социалист схем, коммунист нөлөө, фашист хяналт, туйлширсан национализмыг таслан зосоох цаг хаяанд иржээ... Сонгогчид оо?!?
Өөрийн хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлсөөр бүрдсэн бүхэн аз жаргалтай амьдралын эх ундарга. Зовлонг бусад руу чихэх, өөрөөсөө биш, өрөөлөөс л боллоо гэх бус, яагаад зовж байгаагийнхаа учир начрыг хүн өөрөө олж, өөрөө цэгцэлж, жаргалан бадраах учиртайсан билээ.
Харин өнөөгийн нийгэм нь хамтач үзлийн жорлон болжээ.
Улс төрийн хямрал, эдийн засгийн хямрал, оюуны хямрал, ёс суртахууны хям... энэ олон хямрал бол хүний жудгийн болоод боловсрол соёлгүйн гажиг, тархины тураалаас үүдэн гарч байгааг сайн анзаар.
Төгсөхгүй эхлэлд
Буцалтгүй тусламж нэртэй тонуулаа зогсоож, эрдэнэс баялгийн ордуудаа Монголын ард түмний өмч, Үндсэн хуулинд заасан заалт гэж залалгүйгээр зарчмаараа яваа компани, жижиг дунд үйлдвэрлэл, бизнесийн бүхий л салбарт гай болохгүй орхиж үз!!!
Дээрэмчин дүрээ нууж, буянтай төрхтөй, муу муухайн исгэлэн үнэр ханхлуулсан популистууд, альтуристууд аа... Тэртээ тэргүй бие биенийнхээ булхай луйврыг та нар л нүцгэлэнэ.
Сонгогчид ч гэсэн өөрсдийнхөө шилж сонгосон толиндоо сайн хар. Тэгээд дотоод гүнийхээ хямралыг ариусгаж, хувиа бод. Өөрийнхөөрөө амьсгал, үнэ цэнэтэй амьд яв. Хэнд ч өөрийгөө бүү эзэмшүүл. Хүсээгүй эзэмдүүлэлт бүү өрт. Нэг л амьдрах хорвоо шүү дээ. Эс бөгөөс муу санаа, мухар сүсгийн боол байх юм уу? Өөрсдөө мэд дээ!!!
Д.Сосорбарам
2019 оны 5-р сарын 22 Токио хот