Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, 512 зүслэгт компьютер томограф ашиглалтад орлоо
Монгол Улсад анх удаа хиймэл оюун ухаанд суурилсан, өндөр нарийвчлалтай Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф төхөөрөмжийг Улсын гуравдугаар төв эмнэлэгт суурилуулж, оношилгооны үйл ажиллагаанд нэвтрүүллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь дүрс оношилгооны салбарт шинэ шатны дэвшил авчирч, иргэд эх орондоо дэлхийн жишигт нийцсэн өндөр түвшний оношилгооны үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.
Төхөөрөмжийг нэвтрүүлэх арга хэмжээний үеэр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Манай улсад ийм өндөр хүчин чадалтай аппарат анх удаа суурилагдаж байна. Өмнө нь 64 зүслэгт аппаратаар зүрхний титэм судасны шинжилгээ хийхэд 2-3 цаг зарцуулдаг байсан бол шинэ төхөөрөмжөөр ердөө хэдхэн секундэд хийх боломжтой боллоо. Энэ нь гадаад улсыг зорин оношилгоо хийлгэх шаардлагыг бууруулахад чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцоллоо.
Шинэ төхөөрөмж нь зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай.
Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт алгоритмууд нь хөдөлгөөн болон амьсгалын улмаас үүсдэг дүрсний алдагдлыг бууруулж, судасны бүтэц, эмгэг өөрчлөлтийг илүү тод, өндөр нарийвчлалтай дүрслэх боломжийг бүрдүүлж байна. ЭМЯ-ны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор Ц.Эрдэмбилэг: Ойролцоогоор 4 тэрбум төгрөгийн өртөгтэй, хамгийн сүүлийн үеийн энэхүү технологийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нэвтрүүлж байна. Ингэснээр компьютер томографын шинжилгээний хүртээмж нэмэгдэж, иргэдийн хүлээлт багасахаас гадна гадаадад оношлуулах шаардлага, түүнтэй холбоотой зардал буурах боломж бүрдэнэ” гэв.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн эмч, АУ-ны доктор, дэд профессор Д.Дэлгэрцэцэг “Өмнө нь зүрхний компьютер томографын дүрслэлийг боловсруулахад хоёр цаг орчим зарцуулдаг байсан бол одоо 10 минутын дотор гаргаж байна. Шинжилгээ өөрөө 2-7 секундэд хийгддэг болсон. 2015 оноос хойш 64 зүслэгт төхөөрөмжөөр өдөрт дунджаар 5 хүнд шинжилгээ хийдэг байсан бол шинэ 512 зүслэгт аппаратаар өдөрт хамгийн багадаа 20, сардаа 500 гаруй хүнд үйлчилгээ үзүүлэх боломжтой боллоо” гэлээ.
Тус төхөөрөмжөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, хүнд болон онош тодорхойгүй өвчтөнүүдэд шинжилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөжээ.
Neusoft NeuViz Epoch 512 зүслэгт компьютер томограф нь АНУ, Европын холбооны орнууд, Сингапур, Малайз, Япон зэрэг өндөр хөгжилтэй улсуудад ашиглагдаж буй дэлхийн хамгийн өндөр нягтаршилтай дүрс оношилгооны технологийн нэг бөгөөд олон улсын зах зээл дэх өртөг нь ойролцоогоор 2 сая ам.доллар байдаг байна. Энэхүү дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр зүрх судас, тархи мэдрэл, уушги болон бусад эрхтэн тогтолцооны эмгэгийг богино хугацаанд өндөр нарийвчлалтай оношлох боломж бүрдэж, Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх чухал алхам болж байна.



