Хойд Солонгост үзүүлдэг буцалтгүй тусламжууд зогсчээ
Өнгөрсөн удаагийн хүмүүнлэгийн цувааг үдэн гаргасан Хүмүүнлэгийн комиссар Кристанлин Георгиев "Өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг аврахад энэ тусламж зарцуулагдах болно” гэж сэтгэл хөдлөн өгүүлж байв. Тусламжийн зарцуулалтыг НҮБ, ЕХ-ноос томилогдсон ажлын хэсэг бүрэн хянах шийдвэрийг тухайн үед гаргасан бөгөөд "Хэрвээ тусламжийг буруу зарцуулж байгаа гэж үзэх юм бол бид тусламжийг шууд зогсоох эрхтэй” гэж К.Георгиев хэлсэн байлаа. Гэтэл сүүлд томилогдсон тусламжийн барааны хэрэгжилтийг шалгасан ажлын хэсэг муу мэдээтэй ирсэн. Тэд БНАСАУ-д ажиллаад ирснийхээ дараа гаргасан тайландаа "Тусламжийн бараа эзэндээ хүрч чадахгүй байна” гэж дурдсан байна. Хүнсний тусламжийг хуваарилах ёстой дээд болон дунд шатны түшмэдүүд замаас нь "цохичихдог” учраас ингэсэн гэж тэд шууд бичсэн байна.
АНУ цөмийн зэвсгийг бууруулах тухай 2008 оны зургаан талт хэлэлцээрээс Умардууд татгалзсанаас хойш тус улсад үзүүлж байсан хүнсний тусламжаа зогсоожээ. Харин Өмнөд Солонгос хөрш Умардад 2007 оноос хойш хүнсний тусламж үзүүлээгүй байгаа юм.
С.Төгөлдөр



