Буйр нуурт задгай усанд сэлэлтийн олон улсын тэмцээнийг зохион байгуулна
Монголд анх удаа зохион байгуулах гэж буй задгай усанд сэлэлтийн тэмцээний талаар зохион байгуулагчид мэдээлэл өглөө.
Тодруулбал энэхүү олон улсын тэмцээнийг зургаадугаар сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нуурт хийхээр төлөвлөжээ.
Уг тэмцээнд АНУ, Япон, Тайланд, Иран зэрэг 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж.
Тэмцээний хүрээнд гэр бүлийн хөгжөөнт уралдаан, фестиваль, концерт, галт шоу, үндэсний урлагийн тоглолт зэргийг хийхээр төлөвлөсөн гэв.
Мөн тэмцээний оролцогч, аялагчдад зориулж, зургаадугаар сарын 26-нд Дүнжингарав худалдааны төвөөс нэгдсэн автобус нэг удаа хөдлөх юм байна.
Энэхүү тэмцээний дараа Монгол Улсын Буйр нуур Азийн сэлэлтийн шинэ цэг болж магадгүйг зохион байгуулагчид онцолж байв.



