Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.
МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва:
Олон улсын геополитикийн нөхцөл байдал, нефть болон шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан нийтийн тээвэр, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг суурь үйлчилгээний зардал нэмэгдэж байгааг онцоллоо. Иймээс эдгээр үйлчилгээг тасралтгүй, тогтвортой үргэлжлүүлэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага үүссэн,
Төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл болон он дамжин зарцуулагдах мөнгөн хөрөнгийн үлдэгдлийн хэмжээ анхны төсөөллөөс өөрчлөгдсөнтэй холбоотойгоор төсвийн орлого, санхүүжилтийн эх үүсвэрийн тооцооллыг бодит нөхцөлд нийцүүлэн шинэчлэх,
2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд 280 мянган тонн хагас коксон шахмал түлш, 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч, хэрэглэгчдэд нийлүүлэхэд шаардагдах нэмэлт эх үүсвэрийг шийдвэрлэхээр төсөвт тусгажээ.
Үүнээс гадна Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2026 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гэрээ байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг төсвөөс хасаж, төсвийн сахилга бат, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор тодотгол хийж байгаа талаар танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын зарим гишүүн нийслэл дураараа төсвөө тодотголоо гэсэн. Үнэхээр хуулийн дагуу тодотгож байгааг тодруулж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг дээр яриад нэмж тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” хэмээн хариуллаа.
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын төлөөлөгчдийн 77.1 хувийн саналаар баталлаа.






