НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

 

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн залгамж халаа болох өрсөлдөөнд хоёр хүн шинээр нэмэгдлээ. Чилийн ерөнхийлөгч асан, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар асан Мишель Бачелет, Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Гросси, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Ребека Гринспан, Сенегалын ерөнхийлөгч асан Маки Салл нар өмнө нь нэр дэвшээд байсан бол энэ удаад Эквадорын Гадаад хэргийн сайд асан Мария Фернанда Эспиноза, Гайана улсын Гадаад хэргийн сайд асан Каролин Родригес-Биркетт нар нэмэгдэв.

Хүйсийн хувьд авч үзвэл, зургаан нэр дэвшигчийн дөрөв нь эмэгтэй. Харин бүс нутгийн хувьд тэдний тав нь Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудаас гаралтай.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн ирэх сард эцсийн нэр дэвшигчийг сонгохын тулд хаалттай хэлэлцүүлэг явуулж, нууц санал хураалтыг эхлүүлэх юм. Аюулгүйн зөвлөлийн хаалттай хэлэлцүүлгээс өмнө дахин шинэ нэр дэвшигчид ч нэмэгдэх боломжтой.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох нь олон үе шаттай үйл явц юм. Эхний ээлжид НҮБ-ын нэг эсвэл хэд хэдэн гишүүн улс энэ албан тушаалд тохирно гэж үзсэн хүнээ нэр дэвшүүлнэ. Дараа нь тухайн нэр дэвшигч ерөнхий нарийн бичгийн дарга болбол юу хийхээ тайлбарлана. Мөн НҮБ-ын гишүүд болон заримдаа олон нийтийн асуултад хариулна. Үүний дараа Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүнээс дор хаяж ес нь нэг нэр дэвшигчийг дэмжих ёстой. Хамгийн сүүлд НҮБ-ын 193 гишүүн орны олонхын саналаар шийдвэр эцэслэгдэх юм. Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн болох Хятад, Франц, ОХУ, Их Британи, болон АНУ энэхүү үйл явцад хамгийн их нөлөөтэй байдаг.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen