Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэхийг хүслээ
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн Ажлын албанаас зохион байгуулж буй “Ардын нам – Ард түмэндээ” аян Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд үргэлжилж, Намын даргын зөвлөх Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Ц.Цэцэнзориг, Улс төрийн манлайллын академийн менежер Ц.Болор нар намын гишүүд, дэмжигчидтэй уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Уулзалтад Цагаан-Овоо сумын 100 гаруй намын гишүүн, дэмжигч оролцож, Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн Е4 стратеги, “Чөлөөлье” санаачилга, мөн Enam 3.0 платформын зорилго, хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид төрийн бодлого, намын үйл ажиллагаатай холбоотой олон асуудлыг хөндөн ярилцсан бөгөөд ахмад гишүүд нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, төлөлтийн хугацаа, тэтгэврийн тогтолцооны шинэчлэл, татварын бодлогын талаар санал хүсэлтээ илэрхийллээ. Намын ахмад гишүүн Д.Жамбалрагчаа тэтгэврийн тогтолцоотой холбоотой асуудлыг хөндөн ярьж, ахмад настнуудын амьжиргааг бодитоор дэмжих, тэтгэврийн хэмжээг инфляц болон амьжиргааны өртөгтэй уялдуулан нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон юм.
Түүнчлэн эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутагт бизнес эрхлэх боломжийг өргөжүүлэх талаар санал солилцож, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, дэмжлэгийн талаар мэдээлэл хүргэлээ. Мөн намын гишүүнчлэлийн хариуцлага, идэвх оролцоог нэмэгдүүлэх, орон нутаг дахь намын байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр байр сууриа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын намын ахмад гишүүдэд хүндэтгэл үзүүлж, нам, нийгмийн хөгжилд оруулсан тэдний хувь нэмрийг онцлон талархал илэрхийллээ.



