"Б.Чойжилсүрэнгийн" хэмээх уурхайд ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА

"Б.Чойжилсүрэнгийн" хэмээх уурхайд ХОЁР ХҮН АМИА АЛДЛАА

 

Өмнөговь аймгийн Тост багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коэл транс” компанийн уурхайд хоёр хүний амь нас эрсдлээ. Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 22-ны өдөр тус уурхайн харуул бусдад хутгалуулж нас барсан бол харуулын эхнэр мөн гэрийнхээ тоононоос боомилж, амьсгал хураасан байдалтай олджээ.

Энэхүү хэргийн газарт албаныхан шалгалтын ажиллагаа явуулж, архины шил болон тамхины хайрцаг зэргийг эд мөрийн баримтаар хураан авч шинжилжээ.

Улмаар Увс аймгийн харьяат 41 настай эмэгтэй Б нь хамтран амьдрагч О-ийн хоолойг хэрчиж, амь насыг хохироогоод дараа нь өөрийгөө боомилсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа ажээ.

Хэрэг гарах үед эхнэр нөхөр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Дээрх хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.

Энд сануулахад, тус уурхай нь Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийнх гэгддэг. Хэдийгээр одоо өөрийнх нь нэр дээр байхгүй, хамаарал бүхий этгээдийнх нь нэрээр байдаг гэдэг ч Б.Чойжилсүрэн өөрөө үүсгэн байгуулсан, 50 хувийг нь эзэмшдэг байсан гэдгээ хэд хэдэн удаа ярьж байсан юм.

Өмнөговь аймгийн Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн цэсийг өөрчлөн батлуулж, тус бүсэд хууль бусаар олборлолт хийж байсан нь шалгалтаар тогтоогдсон байдаг. Улмаар “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, улсын ахлах байцаагчийн актаар 2019 оны наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоогоод байсан билээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл дуусгавар болсон хэдий ч “Ашигт малтмалын тухай” хуульд зааснаар тус компани байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу үүргээ биелүүлж, уурхайн хаалт нөхөн сэргээлтийг хийх ёстой ч өнөөг хүртэл нөхөн сэргээлт огт хийгдээгүй байгаа юм. 

Түүгээр зогсохгүй тусгай зөвшөөрөл цуцалсан шийдвэрийг эсэргүүцэн, Монгол Улсын Засгийн газраас нөхөн төлбөр нэхэмжилж, Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Харамсалтай нь, өнөөг хэр нь энэхүү асуудал нэг мөр шийдэгдээгүй шүүхийн шатанд явна.

https://news.zindaa.mn/3lq7

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen