Дэлхийн хамгийн алдартай "эмэгтэй" гэмт бүлэглэлүүд
Хүн төрөлхтний түүхэнд гэмт хэргийн ертөнцийг эрчүүд давамгайлж ирсэн мэт харагддаг ч бодит байдал дээр эмэгтэйчүүд ч мөн адил зохион байгуулалттай гэмт хэрэгт хүчтэй оролцож байжээ. Зарим нь мафийн толгойлогч болж, зарим нь дээрэмчин, луйварчин, бүр бүхэл бүтэн хөдөлгөөн удирдаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Сонирхолтой нь эдгээр бүлэглэлүүдийн олонх нь зөвхөн хүч хэрэглээд зогсохгүй ухаалаг арга, сэтгэлзүйн нөлөөлөл, дүр төрхөө ашиглан гэмт хэргээ үйлддэг байсан аж.
1. “Шаргал үстүүд” — Бразилын хамгийн зальтай эмэгтэй бүлэглэл
Бразилийн Сан-Паулу хотын хамгийн этгээд гэмт бүлэглэлүүдийн нэг нь “Шаргал үстүүд” хэмээх эмэгтэйчүүдийн бүлэглэл байв. Гишүүд нь боловсролтой, хэд хэдэн гадаад хэлтэй, гадна төрхөндөө маш их анхаардаг байсан нь тэднийг энгийн гэмт хэрэгтнүүдээс эрс ялгаруулдаг байжээ. Тэдний гол арга нь “түргэн хулгайлалт” байв. Худалдааны төв, зогсоол, тансаг дэлгүүрийн ойролцоо ганцаараа яваа эмэгтэйчүүдийг онилж, машинд хүчээр суулган хэдхэн цагийн турш барьцаалдаг байсан аж. Энэ хугацаанд бүлгийн нөгөө хэсэг нь хохирогчийн кредит карт, банкны дансыг ашиглан ATM-ээс мөнгө авч, үнэтэй дэлгүүрүүдээр хэсдэг байжээ.
Цагдаа нарын үзэж байгаагаар тэд ихэвчлэн гадаадын жуулчин эмэгтэйчүүдийг сонгодог байсан нь мөрдөн шалгах ажиллагааг улам хүндрүүлдэг байв. Хэл мэдэхгүй, хот сайн танихгүй хүмүүс ихэнхдээ гэмт этгээдүүдийг таньж чаддаггүй байсан аж.
2. Флоридагийн “уруу татагчид” — АНУ
АНУ-ын Флорида мужид үйл ажиллагаа явуулдаг зарим эмэгтэй бүлэглэлүүд баян настай эрчүүдийг онилдог байжээ. Залуу, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд өндөр настай чинээлэг эрчүүдтэй танилцаж, зочид буудалд хамт орсны дараа унтуулдаг эм эсвэл мансууруулах бодис хэрэглэн ухаангүй болгодог байсан аж. Дараа нь тэд мөнгө, үнэт эдлэл, кредит карт зэргийг нь авч оргон зайлдаг байв. Зарим тохиолдолд хохирогчид сэрэлгүй нас барсан тохиолдол ч гарч байсан гэдэг.
Гэхдээ ийм төрлийн гэмт хэргийг илрүүлэх маш хэцүү байв. Учир нь хохирогчид юу болсныг бараг санадаггүй, зарим нь нэр хүндээсээ болж цагдаад ханддаггүй байсан аж.
3. Каморрагийн “хатад” — Итали
Италийн алдарт Каморра мафид эмэгтэйчүүдийн нөлөө сүүлийн хэдэн арван жилд эрс нэмэгдсэн байна. Эрэгтэй мафийн удирдагчид баривчлагдах эсвэл алагдах үед тэдний эхнэр, эгч, охид нь удирдлагыг гартаа авч эхэлжээ. Тэдний хамгийн алдартай төлөөлөгчдийн нэг бол таван хүүхдийн эх Нунциа Д’Амико байв. Ах нар нь шоронд орсны дараа тэрээр мафийн бизнесийг улам өргөжүүлж, өмнөд Италид кокаины томоохон сүлжээ байгуулсан гэдэг.
Нунциа маш хэрцгий, тооцоотой нэгэн байжээ. Урвагчид болон өрсөлдөгчдөө хатуу шийтгэдэг байсан бөгөөд:
Түүний удирдлага дор мафийн бүлэглэл улам хүчирхэг болсон ч эцэстээ тэр өөрөө өшөө авалтын бай болж, гэртээ байхдаа буудуулан амиа алдсан байна.
4. “Гулаби Ганг” буюу Ягаан бүлэглэл — Энэтхэг
Энэтхэгийн Уттар-Прадеш мужид байгуулагдсан “Гулаби Ганг” нь бусад бүлэглэлүүдээс огт өөр зорилготой байжээ. Тэд дээрэм хийдэггүй, харин гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг эрчүүдтэй “өөрсдийн аргаар” тэмцдэг байсан аж. Бүлгийн гишүүд тод ягаан өнгийн сари өмсөж, гартаа хулсан саваа барьдаг байв. Үүсгэн байгуулагч Сампат Дэви Пал нь бага насандаа хүчирхийлэлтэй нүүр тулж байсан тул эмэгтэйчүүдийг хамгаалахыг амьдралынхаа зорилго болгожээ.
Хэрэв хаа нэгтээ гэр бүлийн хүчирхийлэл болсон тухай мэдээлэл ирвэл тэд шууд очиж тухайн хүнийг олон нийтийн өмнө шийтгэдэг байсан аж. Энэтхэгийн зарим тосгонд хүмүүс цагдаагаас илүү “ягаанууд”-д итгэдэг байсан бөгөөд өнөөдөр ч энэ хөдөлгөөн олон мянган дэмжигчтэй хэвээр байдаг.
5. Сүкэбан — Япон
Дайны дараах Японд бий болсон хамгийн алдартай эмэгтэй гэмт бүлэглэлүүдийн нэг бол “Сүкэбан” байв. Энэ нэр нь япон хэлээр “эмэгтэй босс” гэсэн утгатай.
1960-аад оноос эхлэн Токио, Осака зэрэг хотуудад олон мянган өсвөр насны охид энэ хөдөлгөөнд нэгдэж эхэлжээ. Тэд хулгай, дээрэм, зодоон, мансууруулах бодис зэрэг гэмт хэрэгт холбогддог байсан бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц стильтэй байв. Сүкэбанууд урт банзал, тод оймс, этгээд үс засалт, зузаан будалтаараа ялгардаг байжээ. Зарим нь хутга, сахлын ир, эсвэл дугуйн гинж авч явдаг байсан тул жирийн хүмүүс тэднээс ихэд болгоомжилдог байсан гэдэг.
Түүхэн дэх хамгийн том Сүкэбан холбоонд 20 мянга гаруй охид харьяалагдаж байсан бөгөөд тэдний нөлөө зарим үед якузатай эн зэрэгцэх хэмжээнд хүрч байсан гэдэг.
https://www.caak.mn/post/view/43872



