Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана
ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын Холбоо газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцжээ. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Аказава Рёсей, Европын Комиссын аж үйлдвэрийн стратеги, хөгжил цэцэглэлтийг хариуцсан дэд ерөнхийлөгч Стефан Сежурне нар Швейцарын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцээ хийсэн байна.
Хэлэлцээний дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ тэд чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтарсан төслүүдийг аль болох хурдан боловсруулахын төлөө хамтран ажиллана гэж мэдэгдэв.
Энэ сарын эхээр Хятад улс цэргийн зориулалтаар ашиглах боломжтой, давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнийг Япон руу экспортлоход тавих хязгаарлалтаа чангатгаснаа зарласан юм. Үүнээс үүдэн Хятадын газрын ховор элементүүдээс ихээхэн хамааралтай байдаг Японы компаниуд өөр эх үүсвэрүүдээс худалдан авах боломжийг хайж эхэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


