Оюутан цэргүүд мэдлэгээ тайлагнав

"Оюутан цэрэг"-ийн өдөрлөг өнөөдөр /2018.08.10/ боллоо. Энэхүү аргах эмжээнд бүх их дээд сургуулийн захирал, Батлан хамгаалахын сайд, Боловсролын сайд нар оролцов.

Оюутан цэргүүд мэдлэгээ тайлагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар Монгол Улсын Засгийн газраас 2014 онд “Оюутан цэрэг” хөтөлбөрийг өдгөө тав дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж 4500 оюутан залуус хамрагдаад байгаа билээ. Өнгөрсөн таван жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн хөтөлбөрийг Батлан хамгаалах салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын “Цэргийн албаны тухай” хуулийн 7.7 зүйлд зааснаар “цэргийн алба хаах шинэ төрөл” болгон хуульчилсанаар оюутан залуусыг их, дээд сургуульд суралцах хугацаандаа цэргийн алба хаах, Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн “Эх орноо батлан хамгаалах” ариун үүргээ биелүүлэх боломжтой болсоноор байгаа юм.

 

Хуульчлагдсан “Оюутан цэрэг” сургалт Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан тусгай журмаар баталгаажиж, Батлан хамгаалахын сайдын тушаалын дагуу хэрэгжиж байна. Монгол Улсын боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Үндэсний батлан хамгаалахын их сургууль “Оюутан цэрэг” сургалтыг Шархад дах хээрийн сургалтын төвдөө 3 дах жилдээ бие даан амжилттай хэрэгжүүлж байна. “Оюутан цэрэг” сургалт нь цэргийн 11 төрлийн бага мэргэжил эзэмшүүлэн, “Цэргийн тангараг” өргүүлдэг эрчимжүүлсэн вакум сургалт бөгөөд энэ сургалт нь 1 жилийн хугацаат цэргийн албаны сургалт, бэлтгэлийг 4 сарын хугацаанд багтаасанаар цэргийн алба хаах зардал 4 дахин хямд тусч байгаа юм.

 

Шинэчлэн сайжуулсан “Цэргийн ерөнхий бэлтгэл”, ”Цэргийн мэргэжилийн бэлтгэл” 2 номын дагуу зохион байгуулж, хичээлийг модулын аргаар бэлтгэн, дасгал дадлагын аргаар дахин давтан сургадаг сургалтын шинэ арга зүйтэй сургалт юм. 2018 оны “Оюутан цэрэг” сургалтад Монгол Улсын хэмжээнд нийт 1000 орчим оюутан хамрагдсанаас Улаанбаатар хотын 51 их дээд сургуулийн 650 оюутан залуус ҮБХИС-ийн Шархад дах Хээрийн сургалтын төвд суралцаж, 8 дугаар сарын 16-нд “Цэргийн тангараг”-аа өргөхөд бэлэн болоод байна.

 

 

“Оюутан цэрэг” сургалтын 5 жилийн ойд зориулсан сургалтын танилцуулга өдөрлөг өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-нд тус сургалтын төвд зохион байгуулагдаж оюутан цэргүүд сургалтын хугацаанд сурсан мэдсэнээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд болон их, дээд сургуулиудын захирлуудад тайлагналаа.

 

Их, дээд сургуулийн оюутан залуусыг цэргийн мэргэжлийн бэлтгэлтэй, цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй, өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг хүндэтгэж эх орноо хайрлан бахархах сэтгэлтэй оюунлаг Монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 5 дах жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалт нь олон нийтийн дэмжлэг, талархалыг хүлээсэн, залууст төрийн алба хаах эрхийг нээлттэй болгосон сургалт төдийгүй тэд тус сургалтанд хамрагдсанаар сурлага, сахилгаар тэргүүлэгчид болж байгаа нь судалгаагаар тогтоогдож байгаа юм.

 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen