УДЭТ-ын дэргэдэх гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ийн зөвшөөрлийг хүчингүй болгожээ

УДЭТ-ын дэргэдэх гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ийн зөвшөөрлийг хүчингүй болгожээ

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар “Эс Би Би Эвер Инвестмент” ХХК-д Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамж, Улсын Драмын Эрдмийн Театр(УДЭТ)-ын дэргэд гадна зар сурталчилгааны “Тулгуурт байгууламж”-ийн зөвшөөрлийг олгож байсан ба энэхүү шийдвэрээр Засаг даргын Тамгын газрын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/156 дугаар тушаалаар хүчингүй болгох арга хэмжээ авчээ.

Зөвшөөрлийн тухай хуульд заасан энгийн зөвшөөрлийг олгохдоо нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор хориглосон байршилд олгосон, "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм", "Цахилгаан техникийн угсралтын дүрэм" болон Барилгын норм, нормативыг баримталсан эсэх нь тодорхойгүй, зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээний үүрэг хэрэгжээгүй, гэрээ цуцлах зэрэг нөхцөл байдал үүссэн тул зөвшөөрөл олгосон шийдвэрийг нягтлах, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авахыг Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас мэдэгдэж, анхааруулаад байсан юм.

Түүнчлэн дээрх асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд шүүмжлэлтэй хандаж, нураахыг шаардаж байсан төдийгүй АТГ нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасанчлан “авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхтэй бөгөөд тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д заасны дагуу аливаа байгууллага, албан тушаалтан АТГ-ын саналын дагуу гаргасан гаргасан шийдвэрээ дахин хянан үзэж, хүчингүй болгох буюу өөрчлөх үүргийг хүлээдэг гэж АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen