"Ахын хувьд чадах бүхнээ хийхээс өөр сонголтгүй гэдгээ мэдэрсэн"

"Ахын хувьд чадах бүхнээ хийхээс өөр сонголтгүй гэдгээ мэдэрсэн"

 

Японы жүдоч Хифүми Абэ Парисын олимпод түрүүлснээр хоёр олимп дараалан алтан медаль хүртэв. Түүний дүү Үта Абэ мөн алтан медаль хүртэх магадлал өндөр байсан ч хоёрдугаар тойрогт ялагдаж, шуугиан тарьсан.

Хифүми Абэ эрэгтэйчүүдийн -66 кг-ын жингийн финалд Бразилын жүдоч Уиллиан Лимаг ялж, сэтгэлээр унасан дүү, гэр бүлийнхээ урам зоригийг бадрааж чадсан юм. Угтаа ах дүү хоёр Токиогийн олимпоор нэг өдөр хамтдаа алтан медаль хүртэж, гайхалтай амжилтын эзэд болсон удаатай. Гэвч энэ удаад ах нь ганцаараа алтан медаль хүртлээ.

Олимпийн аваргаа хамгаалсан Хифүми Абэ "Энэ бол надад мартагдашгүй мөч. Миний дүү өнөөдөр ялагдсан. Үнэхээр хүнд өдөр байсан. Гэхдээ уур амьсгалыг дээрдүүлэхийн төлөө хэцүү байсан ч хичээлээ. Сэтгэл хөдлөлөө барьж, ахын хувьд чадах бүхнээ хийхээс өөр сонголтгүй гэдгээ мэдэрсэн" гэв.

Жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн өглөө хэсгийн барилдааны үеэр олимп, дэлхийн аварга Үта Абэ хоёрдугаар тойрогтоо Узбекистаны Диёра Келдиёровад ялагдсан. Келдиёрова ч цааш ялсаар олимпийн аварга болсон юм. Ялагдаж, цочролд орж нулимсаа нуугаагүй Үта Абэ ярихдаа "Келдиёрова гайхалтай техникийг гүйцэтгэсэн. Би ямар ч хариу үйлдэл үзүүлж чадалгүй унасан" гэжээ. Японы хэвлэлүүдээр ч түүнийг ялагдлын талаар бичихдээ Японы жүдогийн түүхэн дэх хамгийн төсөөлөөгүй ялагдлуудын нэг гэв.

Үта үргэлжлүүлэн "Би олимпийн талаар маш их бодож, энэ өдрийн төлөө дэндүү ихийг хийсэн учир ялагдсаныхаа дараа өөрийгөө барьж дийлээгүй. Би эхэлж оноо авчихаад хурдхан шиг л дуусгах гэж яарсан" гэлээ. Харин Японы жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кацүюүки Масүчи "Эмэгтэйчүүдийн -52 кг-д сайн тамирчид өрсөлддөг. Келдиёрова бол хурдтай. Би энэ барилдаан хүнд болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ Үта өмнөх шигээ ялах аргаа олчих байх гэж бодсон" гэжээ.

Япон улс одоогийн байдлаар Парисын олимпийн жүдогийн төрлөөс хоёр алтан медаль хүртээд байна. Эхний өдөр Нацүми Цүнода эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Баасанхүүг ялж, түрүүлсэн билээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen