Зеленский Польшийн төрөөс авсан шагналаа хураалгажээ

Зеленский Польшийн төрөөс авсан шагналаа хураалгажээ

 

Украины ерөнхийлөгч Зеленский дэлхийн хоёрдугаар дайны үеийн маргаантай тэмцэгчдийн нэрээр цэргийн ангиа нэрлэсэн нь буруудаж, Польшийн төрийн хамгийн дээд шагнал болох "Цагаан бүргэд" одонгоо хураалгажээ. Тодруулбал, Зеленский Украины цэргийн ангийг "Ukrainian Insurgent Army" буюу Украины босогчдын армийн нэрээр нэрлэсэн.

Украины босогчдын арми нь 1940-1950-иад онд оршин тогтнож байсан. Тус армийг украинчууд Зөвлөлтийн Улаан арми, Нацист Герман болон Польшийн эсрэг тэмцэж, тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэсэн баатрууд гэж үздэг.

Харин польшууд тус армийг 1943-1945 онд Волынь мужид (одоогийн Украины Волинь муж) польш үндэстэн ястнуудын эсрэг геноцид үйлдсэн гэж буруутгадаг. Польшуудын хувьд тус арми нь иргэдийн эсрэг үйлдсэн харгис гэмт хэргүүдийн хариуцлагыг үүрэх байгууллага хэвээр байгаа юм.

Польшийн ерөнхийлөгч Карол Навроцки энэ шийдвэрийг байж боломгүй, ойлгохын аргагүй, асар их урам хугалсан шийдвэр гэж тодорхойлжээ. Гэхдээ энэхүү дипломат маргаан нь Украиныг дэмжих Польшийн бодлогод нөлөөлөхгүй гэдгийг онцолсон байна. "Энэ шийдвэр нь бидний түүхэн ой санамжийг шархлуулаад зогсохгүй, олон жилийн туршид бий болгосон итгэлцлийг сулруулж байна" гэж Навроцки хэлжээ.

Мөн тэрбээр Украины дайн эхэлснээс хойш тус улсаас олон мянган дүрвэгч хүлээн авснаа марталгүй дурдсан байна.

Тэрбээр "Польш улс сая сая украин хүнд хилээ, гэрээ, зүрх сэтгэлээ нээсэн. Украин Европын бүтэц рүү ойртох гэж байгаа бол түүхийн хүнд хэцүү үнэнтэй шударгаар нүүр тулах хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Европ бол тоталитар дэглэм болон хүчирхийллийг шүтэн бишрэх үзлийг үгүйсгэх зарчим дээр байгуулагдсан. Энэ зарчим бүгдэд адил үйлчлэх ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүст Европын холбоонд байр суурь үгүй. Польш улс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэжээ.

Зеленскийн одонг хурааж авсан явдлыг Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха стратегийн алдаа, хүндлэлгүй үйлдэл гэж нэрлэсэн байна. Мөн тэрбээр энэ шийдвэрийн хариуд 2022 онд Польшоос авсан шагналаа буцааж өгөхөө мэдэгдээд, "Өөр ямар ч улсын ерөнхийлөгч бидэнд түүхийг маань заахгүй" гэжээ.

Польшийн "Цагаан бүргэд" одонг 2023 онд тухайн үеийн ерөнхийлөгч Анджей Дуда Зеленскийд гардуулан өгч байв.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen