Австралийн нүүрсний экспорт Хятад руу бүрэн сэргэх нь
Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез энэ долоо хоногийн эхээр Хятад улсад айлчилсан. Энэ үеэрээ тэрбээр Хятадтай "чөлөөт, саадгүй худалдааг бүрэн сэргээхийг" Ерөнхий сайд Ли Цянтай Мягмар гаригт уулзахдаа уриалжээ. Түүний айлчлал хоёр орны хооронд ковидын гарал үүсэлтэй холбоотой асуудлаас болж худалдааны хязгаарлалт тогтоосноос дөрвөн жилийн дараа дахин хэлэлцээ хийх боломжийг олгож байна.
Хамтарсан мэдэгдэлд, Хятад улс Австралиас импортлох бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар болон бусад хязгаарлалт тавьж, харилцаа эрс муудсаны улмаас зогссон удирдагчд нарын хоорондох уламжлалт уулзалтыг сэргээхээр тохиролцжээ.
Либерал намын удирдагч Скотт Моррисон өнгөрсөн жил огцорч, Албанес болон түүний Хөдөлмөрийн нам засгийн газрыг орлох болсноор Хятадтай харилцаа сайжирч эхэлсэн. Хятад улс худалдааны зарим хязгаарлалтыг цуцалсан юм. Хятад улсаас тавьсан хязгаарлалт, тариф нь Австралийн экспортлогчдод жилд 20 тэрбум австрали.долларын хохирол учруулсан тооцоолжээ. Австралийн нүүрс, дарс, үхрийн мах, арвай, хавч зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүний томоохон зах зээл нь Хятад улс байсаар ирсэн.
Долоон жилийн дараа Хятадад айлчилсан Австралийн анхны удирдагч Албанезе "Бид санал зөрөлдөөнтэй үед ухаалгаар удирдаж чадвал тус тусын ашиг сонирхлоо ахиулахын зэрэгцээ харилцаагаа хөгжүүлж чадна" гэж хэлжээ. Хариуд нь "Хятад улс Австралийн талтай яриа хэлэлцээгээ эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулахад бэлэн байна" гэж Ли Цян хэлээд хамтын ажиллагаа нь тэдний харилцааны гол онцлог байх болно гэдгийг тодотгосон байна.
Сүүлийн жилүүдэд Австралийн засгийн газар Хятадыг аюулгүй байдлын заналхийлэл гэж үзэж эхэлсэнтэй холбоотойгоор таагүй харилцаатай болсон юм. Австралийн парламент дотоодын улс төрд гадныхан далдуур оролцохыг хориглосон нь Хятадтай холбоотой гэх хардлагаас үүдэлтэй. Удалгүй аюулгүй байдлын тодорхой бус асуудлаас болж тус улсын засгийн газар Хятадын өмчит харилцаа холбооны аварга компани болох "Huawei"-г Австралид "5G" сүлжээгээ нэвтрүүлэхийг хориглосон.
Үүний зэрэгцээ Австралийн зүгээс COVID-19 вирусийн гарал үүслийг судлахыг олон улсад уриалж, АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа гүнзгийрүүлсэн. Тухайлбал, Австралид АНУ-ын цөмийн технологиор шумбагч онгоц нийлүүлэх "AUKUS" гэрээг Хятад улс хүчтэй эсэргүүцсэн юм.
Гэхдээ Энтони Албанез эрх барих болсноосоо хойш Бээжинтэй яриа хэлэлцээ хийхээр зорьж ирсэн ч түүний засгийн газар "AUKUS" эвсэлд тууштай хандаж, Австралийн Хятадаас хараат байдлыг бууруулахад чиглэсэн эрсдэлээс ангижруулах бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байна.
Айлчлалынхаа туршид тэрбээр Хятадтай санал зөрөлдөөнтэй байдгийг хүлээн зөвшөөрч, хоёр улс хамтран ажиллах боломжтой салбаруудаар уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, үндэстэн дамнасан гэмт хэргийг нэрлэжээ. Харин Ли Цян хэлэхдээ, Хятад улс эрчим хүч, уул уурхай болон ногоон хөгжил, дижитал эдийн засаг, шинжлэх ухаан технологийн шинэчлэл, эрүүл мэндийн салбар зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэсэн байна. Мөн эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, аюулгүй байдлын үзэл баримтлалыг эдгээр бүс нутагт хэтрүүлэхээс зайлсхийхийг уриалсан гэж Синьхуа агентлаг мэдээлжээ.
Албан ёсны айлчлалын өмнө тагнуул хийсэн хэргээр Хятадад гурван жил хоригдсон Австралийн сэтгүүлч Ченг Лэйг өнгөрсөн аравдугаар сард сулласан байна. Энэ нь хоёр орны хооронд хурцадмал байдлын гол сэдэв болсон хэрэг юм.
Австралийн Хятад руу экспортлож буй нүүрсний хэмжээ он гарсаар тасралтгүй нэмэгдсээр байна. Австралийн нүүрсний экспортын хэмжээ 20 сая тонн болж өсөх хандлагатай байгаа талаар судалгаа бий. Хоёр орны хооронд зөрчил үүсч, худалдааны хязгаарлалт тогтоохоос өмнө Хятад улсын нүүрсний импортын тал хувийг Австрали улс дангаараа бүрдүүлдэг байв. Гэвч өнгөрсөн хугацаанд Австрали улсаас авах нүүрсний хэмжээ огцом буурснаар ОХУ, Монгол зэрэг орнуудаас авах хэмжээгээ нэмэгдүүлээд байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: THE DIPLOMAT