Өнгөрсөн түүхээсээ зугтааж, өөрийгөө бүтээсэн Леон

Өнгөрсөн түүхээсээ зугтааж, өөрийгөө бүтээсэн Леон

 

Леон Эдвардс гэх Ямайкт төрсөн Их Британийн холимог тулааны тамирчин залуу ирэх Ням гаригт "UFC"-ийн аваргын бүсний төлөө алдарт Камару Усмантай хүчийг үзнэ. Өдгөө 30 настай Леон Эдвардс энэ хүртэлх зам дардан байгаагүй.

Тэрбээр багадаа ээж, дүүгийнхээ хамтаар Ямайкаас гарч, Бирмингем хотод суурьшсан аж. Кингстон хотын ядуусын хорооллын умбагар байшинд орой бүр буун дуу сонсч өссөн Леон Эдвардс Англид ирээд анх удаагаа өөрийн гэсэн өрөөтэй болжээ. 2004 оны аравдугаар сард Леоныг 13 настай байхад нь шөнө гэрийнх нь утас дуугарсан гэнэ. Айж, тэвдсэн ээж нь гэрийнхээ утсыг аваад удалгүй асгартал уйлжээ.

Энэ талаар Леон Эдвардс дурсахдаа “Аавд минь ямар нэгэн зүйл тохиолдсон гэдгийг тэр үед ойлгосон. Утас орой дуугарвал ямар нэгэн муу зүйлийн талаар гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Үнэхээр сэтгэл түгшсэн нөхцөл байдал байсан. Аав минь зүгээр унтаж байгаад нас барсангүй. Түүнийг алчихсан. Үүнээс болж би улам уурладаг болж, амьдралд илүү их тэмцэх хэрэгтэй гэдгээ ойлгосон. Энэ л намайг гэмт хэргийн ертөнц рүү түлхсэн” гэжээ.

Леоны аавын үхлийн учир шалтгаан бүрэн тайлагдаагүй бөгөөд мөнгөний улмаас шөнийн цэнгээний газар буудуулж амиа алдсан гэх таамаг төдий мэдээлэл байдаг аж. “Генерал” хочтой түүний аав нь Кингстон хотын гэмт бүлэглэлийн толгойлогч, хүнд гаруудын нэг байжээ.

Эцгийнхээ үхлийн дараа Леон Бирмингем хотын гэмт хэргийн бүлэглэлд элсч, буруу зам руу оров. Тэрбээр энэ талаараа “Тухайн үед Бирмингем хотод Жонсонс, Бургер Барс гэсэн хоёр бүлэглэл байдаг байлаа. Бие биенээ үзэхгүй, байнга л хүчирхийлэл, зодоон гарна. Би сургуульд байхдаа л гэмт бүлэглэлтэй холбогдсон. Миний амьдардаг хороололд, сурдаг сургуульд бүлгийн минь гишүүд байдаг байлаа” гэв.

Түүний Ямайк аялгыг сургуулийнх нь хүүхдүүд их шоолдож байсан учир Леон намхан нуруутай ч өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зодолддог байсан гэнэ.

Өсвөр үеэ эргэн дурсахад “Би амиа алдахаас айдаггүй байсан ч амиа алдах аюултай нөхцөл байдалд үргэлж дагадаг байсан. Бид бусад бүлэглэлийн хийдэг зүйлсийг нэгэн адил хийнэ. Хар тамхи зарж, дээрэм хийж, буу, зэвсэг ашигладаг байлаа. Тэр үед хийсэн хэд хэдэн зүйлдээ үнэхээр харамссан. Би үүнийг хийсэн гэдэгт итгэхэд бэрх. Би энэ тухай ярих дургүй” гэлээ.

Нэгэн өдөр 17 настай Леон Эдвардс автобусны буудал руу алхаж яваад “DVD” түрээсийн дэлгүүрийн хоёрдугаар давхарт байрлах холимог тулааны заалыг олж харжээ. Хэд хэдэн бэлтгэл хийсний дараа тус заалны дасгалжуулагчид Леоныг авьяастай гэдгийг хүлээн зөвшөөрч, тэмцээнд оролцоход бэлэн гэдгийг нь дуулгав.

Улмаар 18 насандаа сонирхогчийн холимог тулааны анхны тулаанаа хийж, үүнээс ердөө нэг жилийн дараа мэргэжлийн түвшинд гарч ирчээ. Харин 23 насандаа “UFC” холбоотой гэрээ байгуулж, өдгөө 14 тулаанаас 11 ялаад байна.

Тэрбээр ирэх Ням гаригт дийлдэшгүй байгаа Камару Усмантай тулалдана. Хэрэв ялж чадвал Майкл Биспингээс хойш "UFC"-ийн аварга болсон хоёр дахь Их Британи тулаанч болно.

Холимог тулаан түүний амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар Леон “Холимог тулаан байхгүй байсан бол би шоронд эсвэл шороонд байх байсан биз. Нөхрөө алдсан ээж минь дахиад хүүгээ алдсан бол ямар хэцүү байх байсан бол? Би үргэлж сайжирч, амьдралын төлөө улам тэмцэх болно. Өмнө нь миний эргэн тойронд амжилтад хүрэх хүсэлтэй нэг ч хүн байдаггүй байлаа. Би ч яахаа мэдэхгүй байсан үе бий. Харин одоо аварга болж, ялалт байгуулж чадвал хүн бүхэнд бүх зүйл боломжтой гэдгийг харуулна” гэжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen