SOS: Дашбалбар суманд их хэмжээний химийн бодис алдагдаж, хүн, мал хордож байна, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа

SOS: Дашбалбар суманд их хэмжээний химийн бодис алдагдаж, хүн, мал хордож байна, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, УИХ-ын дарга аа

 

ХЯТАДЫН “ШИНЬ ШИНЬ” ХХК ХҮНЦЛЭЭР ДОРНОДЧУУДЫГ ХОРДУУЛЖ, ХИМИЙН ХОРТ БОДИС ГОЛ БОЛОН УРСАЖ БАЙНА-IV

          Дашбалбар сумын нутагт химийн  хорт бодис гол болон хөндий талаар урсаж байсан. Хөхөө өвлийн хүйтэнд хүнцэл, хар тугалга, цайр  их хэмжээгээр агуулсан ус  жалга судаг даган  үерлэн урссан.  Үүнийг нь  шат шатны төрийн алба хаагчид мэдсэн.  Гэвч бүгд амаа үдүүлсэн мэт ор чимээгүй  болсон. Үүнээс болж Дашбалбар сумынхан эрүүл аюулгүй орчинд амьдрах  аргаггүйд хүрсэн.  Нутгийн иргэд биеэр нь улаан хүрэн өнгөтэй зүйлс туурах, хоолой нь эрвэгэнэх, ядарч сульдах,  жирэмсэн эмэгтэй зулбах гээд янз бүрийн  өвчний шинж тэмдэг илрэх болжээ. Урд хөршийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” компанийн эзэд Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хэргийг анхааралдаа авч, нэн даруй шаардлагатай арга хэмжээг авахыг сануулж, сурвалжилгынхаа дөрөв дэх хэсгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд хаяглаж байна.

         Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ, УИХ-ын дарга Г.Занданшатар аа, зүүн хязгаарын иргэдийн амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын иргэдийн эмгэнэлт хувь заяаг үргэлжлүүлж, усаараа хордож байгааг мэдэж байна уу. Дашбалбар суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинь Шинь” ХХК-ийн ашиглаж байсан химийн хорт бодис онц их хэмжээгээр алдагдаж, гол болон урсаж байгаа. Бүр газрын хөрсөнд нэвчиж, химийн бодистой холилдсон саарал ус гол болон урсаж байгаа нь албаныхны хийсэн шинжээчийн дүгнэлтээр батлагдсан. Хамгийн хачирхалтай нь, Экологийн цагдаагийн албан хаагчийн ахалж, улааны холимог металлын орд газрыг хамарсан талбайд хөрсөн дахь микро-элементийн тархалт болон хаягдал усны далангийн шүүрлийг тогтоосон шинжээчдийн багийн дүгнэлт хав дарагдчихсан. Хөндлөнгийн шинжээч, хяналтад оролцсон иргэд болон холбогдох албаныханд шинжээчийн дүгнэлтийг өнөөдрийг хүртэл үзүүлээгүй, “Шинь Шинь” гэх компанийн хаягдал усны далан шүүрч, химийн хорт бодис алдагдаж байгааг хууль хяналтынхан мэдсээр байж нуун дарагдуулаад жил гаруйн хугацаа өнгөрөөд байна.

        Тус шинжээчдийн багт багтаж, шалгалтын ажиллагаанд гар бие оролцож, хөрсний шинжилгээ хийхэд ноцтой байдал илэрснийг нүдээрээ харж байсан тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн, байгаль орчны байцаагч, сумын Засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгч, Улз-Онон голын сав газрын хамгаалалтын захиргааны ажилтнуудтай холбогдоход нэг нь ч шинжилгээний хариутай танилцаагүй гэдгээ хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Экологийн цагдаагийн албанаас шалгалтын хариуг хэнд ч хэлээгүй нь албаныхны яриагаар батлагдсан юм.

“ШИНЬ ШИНЬ” ХХК-ИЙН ХАБ-ЫН ОРЛОГЧ Н.ХЭРЛЭНТУУЛ: ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ БИДЭНД ИРҮҮЛЭЭГҮЙ

          Тэгвэл бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс иргэдийг хордуулж, байгаль орчныг хордуулж байгаа гэх “Шинь Шинь” ХХК-ийн удирдлагуудтай холбогдож, тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Харин шинжээчийн багийн шалгалтад яллагдагч талыг төлөөлж оролцсон, “Шинь Шинь” ХХК-ийн ХАБ-ын орлогч дарга Н.Хэрлэнтуултай холбогдлоо.

Тэрбээр хэлэхдээ “2020 онд Экологийн цагдаагийн албанаас уурхайн талбайд хийсэн шинжилгээний дүнтэй бид одоо хүртэл танилцаагүй. Бидэнд одоогийн байдлаар ямар нэгэн дүгнэлт, үр дүнгийн талаар танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, “Шинь Шинь” компанийн хаягдал усны далан шүүрч байна гэдгийг бидэнд хэлээгүй байгаа гэсэн үг. Хаягдал далан шүүрч, химийн хорт бодис гол болон урсаж байгааг бид мэдэхгүй” гэв.

         Хууль хяналтын байгууллагынхан маш ноцтой шинжээчийн дүгнэлтийг яагаад хэнд ч үзүүлэхгүй байна. Бүүр хөрсний шинжилгээ хийлгэсэн, асуудалд орсон компанийн эзэд, байгаль орчин хариуцсан хүмүүст ч үзүүлээгүй байна гэж үү. Ийм л тайлбарыг холбогдох албаныхан болон асуудалд орсон “Шинь шинь” компанийн байгаль орчин хариуцсан дарга нь хэллээ.

“Шинь Шинь”-ийн хаягдлын далан, уурхайн ойролцоо хөрсний шинжилгээний дүгнэлтээр химийн таван металл байх ёстой хэмжээнээс их, бохирдолтой гэж гарсан байдаг. Тэгвэл иргэдийг хордуулж, стандартын хэмжээнээс их гарсан хүнцэл, хар тугалга ямар бодис болохыг, хэр хор хөнөөлтэй вэ гэдгийг танилцуулъя.

ХИМИЙН БОДИСЫН “ХААН” ХҮНЦЛИЙН ХЭМЖЭЭ ИХЭДВЭЛ ҮХЭЛД ХҮРГЭХ АЮУЛТАЙ

         Хүнцэл гэж ямар бодис вэ. Унд усан дахь хүнцлийн олон улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээ 0.05мг/л байдаг бол Монгол Улсын стандартаар түүний зөвшөөрөгдөх хэмжээ 0.01мг/л байна. Хүнцэлд хордох үзэгдэл нь тухайн бүс нутгийн газар зүйн байршил, амьдралын хэв маяг, онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг ба байгалийн бараа бүтээгдэхүүн дэх хүнцлийн агуулга нь мөн адил бус байна. Хүний биед хордлого учруулах хүнцлийн тунгийн хэмжээ нь 0.01-0.05 грамм As, үхэлд хүргэх аюултай тунгийн хэмжээ нь 0.06-0.2грамм As гэж үздэг. Хүнцлийн илүүдэл үүссэн тохиолдолд хүнд үс унах, шингээлтийн замын өвчлөл, нүдний эвэрлэг бүрхэвч булингартах, хамрын хөндийн өвчлөл, хумс амархан гэмтэж хугарах, амт, үнэрийн хэт мэдрэмхий зэрэг өвчний шинж тэмдэг илэрдэг аж. Ихэнх нөхцөлд хүнцэл нь усан уусмал хэлбэрээр биологийн эргэлтэд ордог тул төрөл бүрийн хүнцлийн уусмал нь хамгийн хор хөнөөлтэй байдаг байна.

ХАР ТУГАЛГА ГЭЖ ЮУ ВЭ

          Хар тугалга нь хүний бие огт байх ёсгүй хүнд металл. Тодруулбал, их, бага хэмжээгээр хүний биед агуулагдахад эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг бодис гэнэ. Хэр хэмжээтэйгээс шалтгаалан хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь өөр байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүүхдийн цусанд агуулагдах хар тугалгын хэмжээг 5 мгр/дл гэж зааж өгсөн байдаг. Үүнээс ихсэхэд сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөдөг аж. Хар тугалга нь мэдрэлд хортой хүнд металл бөгөөд илрэх өөрчлөлтүүд нь мэдрэлийн системд өөрчлөлт оруулдаг байна. Жирэмсэн эхчүүдийн зулбалт, ургийн хөгжлийг зогсоож байгаа гол хүчин зүйлийн нэг нь хар тугалгын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой байдаг.

          Ийм л хорт бодисоор Дашбалбар сумын иргэд хордож байна. Ийм л аюултай нөхцөл байдалд “Шинь Шинь”-ийнхэн Дорнодын таван сумын иргэдийг амьдруулж байна. Үүнийг нь холбогдох албаныхан, хууль хяналтын байгууллагынхан нуун далдалж, Үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна шүү, Үндэсний аюулгүй байдлын гишүүд ээ.

 

https://ergelt.mn/news/62/single/21740

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen