Африкийн Лесото улсын ерөнхий сайд эхнэрээ захиалж алуулсан хэрэгт ял сонсоно

Африкийн өмнөд бүсийн бяцхан вант улс Лесотогийн ерөнхий сайдын шүүх хурал өнөөдөр буюу Баасан гарагт болохоор зарлагджээ.

Тэрээр 2017 онд эхнэрийнхээ амийг захиалж хөнөөлгөсөн нь батлагдсан тул шүүхээс ял шийтгэл сонсох төлөвтэй байна.

Ерөнхий сайд Томас Табане нь уг дуулиант хэрэгт холбогдсоныхоо дараа намынхаа шахалтаар огцрох болоод байгаа юм.

Ерөнхий сайдын талийгаач эхнэр Лилопело Табане 2017 оны зургаадугаар сард 58 насандаа нийслэл Масеру дахь гэрийнхээ гадна үл мэдэгдэх этгээдүүдэд буудуулж амь үрэгджээ. Энэ явдлаас хоёр хоногийн дараа Томас Табане ерөнхий сайдын албан тушаалд томилогдож байв.

Одоо 80 настай ерөнхий сайд Табане тухайн үед эхнэрээсээ салахаар шүүхдэлцэж байжээ.

Цагдаа нар гар утасны дуудлагын жагсаалтыг нь шалгасны дараа ерөнхий сайд болон түүний одоогийн эхнэр хоёр аллагыг захиалсан болохыг тогтоосон байна.

Табанегийн одоогийн эхнэр, 42 настай Масая Табанег өнгөрсөн Мягмар гарагт шүүх аллагын хэрэгт буруутайг тогтоосон юм.

Түүнийг өөрөө бууны гох дараагүй ч бусдад захиалж өрсөлдөгчөө алуулсан гэж шүүх дүгнэжээ.

2.2 сая хүн амтай Лесото улс нь далайд гарцгүй, Өмнөд Африкийн БНУ-аар бүрэн хүрээлэгдэн оршдог. Олон жилийн турш улс төрийн тогтворгүй байдал ноёрхож байгаа энэ улсын ерөнхий сайдаар Томас Табанег хоёр дахь удаагаа томилогдоход олон хүн нөхцөл байдал сайжирна гэж итгэж байсан нь ийнхүү талаар болж байна.

Эх сурвалж: AFP

Р.ТӨМӨР, IKON.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen