МАН, АН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэж үзжээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд хуулийн дагуу аудитын дээд байгууллагаар мөрийн хөтөлбөрөө дүгнүүлдэг. Тиймээс өнгөрсөн сарын 25-наас өмнө 15 нам, дөрвөн эвсэл Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн юм. Тэгвэл эдгээрээс долоон намын мөрийн хөтөлбөрийг хуульд нийцсэн гэж үзсэн байна. Тодруулбал, Зон олны нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Дэлхийн монголчуудын нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Эх орон нам, Ард түмний олонхийн засаглал нам, Ард түмний намын мөрийн хөтөлбөр хуульд нийцжээ. 

Харин Үндэсний аудитын газраас найман нам, дөрвөн эвслийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцээгүй, хэрэгжих боломжгүй гэж үзэж, мөрийн хөтөлбөрийг нь буцаасан байна. Тухайлбал, МАН, АН тэргүүтэй улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хэрэгжих боломжгүй гэж дүгнэжээ. Эдгээр улс төрийн нам хуулийн дагуу тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засаж, Үндэсний аудитын газарт дахин хүргүүлэх боломжтой. Хэрвээ мөрийн хөтөлбөрөө засварлахгүй бол сонгуульд оролцох боломжгүй юм.

МАН, АН-ын мөрийн хөтөлбөрт юу тусгасныг эргэн сануулъя. 

МАН мөрийн хөтөлбөрөө дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглүүлж боловсруулсан бөгөөд банкны зээлийн хүүг багасгах, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал, нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцтай болох, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох зэргийг тусгажээ. Мөн боловсролын хувьд тогтолцооны реформ хийх,  төмөр замын төслийг хэрэгжүүлэх, нүүрс болон зэсээ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож экспортлохыг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна.

Харин АН-ын хувьд баруун төвийн үзэл баримтлалаа дагаж хувь хүний эрх чөлөө, өмчийн эрхийг хуулиар хамгаалах, чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх бодлогоо үргэлжлүүлэх гэнэ. Мөн иргэдийг гурван сая төгрөгийн цалинтай болгох гэр хорооллыг таун хаус хороолол болгох хөтөлбөрийг эхлүүлэх, ахмад настны нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх зэргийг тусгаад байгаа юм.

 EAGLENEWS.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen