Цементэнд цацах мөнгөө цалин цавагт зарцуулбал ямар вэ

Цементэнд цацах мөнгөө цалин цавагт зарцуулбал ямар вэ

 

Энэ жилийн улсын төсөв сонгуульд зориулагдаж, баахан цемент зуурах ажилд мөнгө тавьсан байгаа. Монгол гэдэг айл энэ онд 11.8 их наядыг олж, 13.9 их наядыг зарлагадана.

Алдагдал 2.1 их наяд төгрөг. Үндсэн төсвийн 3.6 их наяд нь хөрөнгө оруулалтад зарцуулагдах нь сая хэлсэн болсон болоогүй баахан цемент зуурахад зориулагдана гэсэн үг. Тэгэхээр 2020 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтын зөвхөн ЗГХЭГ-ын даргын багцад орсон зардлыг задалж үзье л дээ. Нөхрийн багцад нийт 51 тэрбум 313 сая төгрөг суулгажээ. Үүнээс жишээ нь, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан, Говил, Эрдэнэ гэсэн гурван баг тус бүрт багийн төвийн барилга барихаар нийт зургаан тэрбумыг төсөвлөсөн байна. Энэ жагсаалт цааш ЗДТГ-ын барилгаар үргэлжилнэ.

-Архангай аймгийн Батцэнгэл суманд 1.2 тэрбум,

-Баянхонгор аймгийн Баянговь суманд 979 сая,

-Говь-Алтай аймгийн Алтай суманд 1.1 тэрбум,

-Дундговь аймгийн Гурвансайхан суманд 1.2 тэрбум,

-Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд 1 тэрбум 850 сая

-Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1 тэрбум

-Увс аймгийн Сагил суманд 1.3 тэрбум

-Ховд аймгийн Ховд суманд 1 тэрбум

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 1 тэрбум

-Хөвсгөл аймгийн Ханх суманд 1.2 тэрбум

-Хэнтий аймгийн Галшар суманд 1 тэрбум 50 сая

-Хэнтий аймгийн Дадал суманд 1 тэрбум 50 сая

-Хэнтий аймгийн Дархан суманд 1 тэрбум 76 сая

-Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд 1 тэрбум 50 сая төгрөг... гэх мэтээр. Сонгуульд зориулсан төсөв гэдэг нь энэ мэт суманд баригдах барилга байшин, соёлын төв, угталт үдэлтийн хаалга гээд сонгуулийн өмнө тууз хайчлахад зориулагдсан цементэн овоолгуудаас харж болно. Нэг сайд нь өөрийнхөө тойрогт 140 гаруй тэрбум төгрөг суулгасан байхад, нэг гишүүн нь зөвхөн өөрийнхөө тойргийн оюутнуудад зориулж зургаан тэрбумаар оюутны дотуур байр бариулахаар төсөвт суулгасан байх жишээтэй. Үгүй ээ, мөн дураараа дургиж байгаа юм шүү. Эдгээрийн эрх баригчдад зориулж л хэлэх гээд байгаа юм, “300 хүүхэдтэй сумын төвд 1000 хүүхдийн багтаамжтай сургууль барьдгаа болиоч ээ. Коронавирус тахал болж, дэлхийн дэг журмыг тэр чигээр нь өөрчилж буй энэ цаг үед төсвийн зөв бодлого дахин гаргаж, зөв зохистой зүйлд дахин хуваарилаач ээ” гэж.

Зүй нь бүгд адилхан сумын нэг жижиг багийн төвүүд барих атал яахаараа баригдах өртөг зардал нь ийм тэнгэр, газар шиг ялгаатай байгаа юм. Багийн цогцолбор барилга, багийн төвийн барилга, ЗДТГ-ын барилга, хорооны цогцолбор барилга гэх мэт янз бүрийн нэртэй төслүүдийн жагсаалт хөвөрч, энэ бүхэнд 56 тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Энэ бүгдийгээ У.Хүрэлсүхийн Засгийн газар эргэж хар. “Сүүлийн хоёр жилд төсөвт тодотгол хийгээгүй нь гайхамшиг” гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар одоо ярихаа боль.

Цаг үе, нөхцөл байдал цаг минутаар өөрчлөгдөж байна. Улсын төсвийг сонгууль нэвт “үнэртсэн” төсөв биш, аж ахуйн нэгж, ард түмний амьдрал руу орсон төсөв болгон өөрчил. Эдийн засгийн ийм эрүүл саруул төлөвлөгөөг яаралтай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх цаг нэгэнт боллоо. Өнөөдөр Засгийн газраас эдийн засагт хэрэгжүүлж буй бодлого бол тодорхой бус, оновчтой бус байна. Тэгэхээр юуны өмнө энэ олон цемент цутгах ажлаа зогсоож, сонгуульд зориулсан бүтээн байгуулалтуудаасаа татгалзаж, ядаж нэг жил хойшлуулах нь зөв юм. Эндээс гаргаж авсан, суларсан мөнгөөрөө санхүүгийн хувьд хүндрээд байгаа жижиг, дунд бизнесүүддээ цалин болгоод өгчихмөөр байна. Энэ бол Монголын эдийн засагт, хүн арддаа бодит дэмжлэг болно.

Монголын нэртэй эдийн засагчид сүүлийн өдрүүдэд нэгэн дуугаар “Хувь иргэн бүрийнхээ орлогод онцгой анхаарах цаг боллоо” гэдгийг ярих боллоо. Цалинтай иргэн л худалдан авалт хийдэг. Эдийн засгийн цусны эргэлт гэж энэ. Ерөнхий сайд асан М.Энхсайханы сүүлийн үед хэлж ярьж, нийгэмд хүргэж буй мессэжүүд хүмүүсийн анхаарлыг их татаж байна. М.Энхсайхан “Төрийн бодлого бол хийх ажлын эрэмбэ дараалал юм. Тухайлбал, УИХ төсөв тодотгох, дараа нь коронавирустэй тэмцэх эдийн засгийн бодлого гаргах, хязгаарлагдмал нөөцийг хэрхэн зөв хязгаартайгаар хүргэх...” гэхчлэн эрэмбэлэгдэх ёстой гэжээ. Монголын эдийн засгийг хүнд үед реформын шинжтэй үйл ажиллагаа явуулж авч гарсан эдийн засагч, Ерөнхий сайд асны энэ үг сая дурдсан хөрөнгө оруулалтуудыг эргэж хар, иргэдийнхээ орлогод анхаарах, санхүүгийн хувьд сульдсан жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ аврахыг нэгдүгээрт тавь гэсэн зөвлөгөө юм.

Яагаад том эдийн засагчид өнөөдөр ийнхүү макро биш микро түвшний эдийн засаг яриад эхлэв. Дэлхийг хямраасан ийм эрсдэлтэй цаг үед ийм л арга хэмжээ авч ирсэн ОУ-ын практик, дэлхийн түүх байгаа учраас тэр. Хувь иргэн бүрийнхээ цалин орлогыг тэргүүн зэрэгт анхаарах ёстой гэдэг нь маш энгийн, хэнд ч ойлгомжтой эдийн засаг юм. Айл өрх, иргэд гэрэл цахилгааны мөнгөө заавал төлөх ёстой. Энэ нь эрчим хүчний том салбар нь тогтвортой байна гэсэн үг. Үүн шиг иргэд зээлээ заавал төлөх ёстой. Банк санхүүгийн байгууллагууд доголдохгүй. Эмчид үзүүлэх ёстой, эрүүл мэндийн салбар эндээс тэжээгдэнэ. Хүнс хамгийн эхний хэрэгцээ, сайн худалдан авалт хийх нь хүнсний үйлдвэрлэл, ХАА, цаашлаад ЖДҮ-ийн эдийн засгийн эргэлт болно. Ямар ч хүнд үед хүүхдийнхээ ирээдүйд заавал анхаарна. Хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Энэ бүгд боловсролын салбарыг авч явна. Эдгээрийг холбогч гүүр нь иргэд та бид, олон түмэн даяараа юм. Тийм болохоор улс орон, нийгэм яаж ч хүндэрсэн байсан, төр засгаас иргэдийнхээ цалинг тасалж болохгүй нь нэн тэргүүний асуудал ажээ.

Гэтэл өнөөдөр Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчид, хувийн аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйд хүрэх бодит аюултай нүүр туллаа. Тэднээс худалдан авалт хийдэг иргэд цалингүй болсон учраас.

Энэ жилийн улсын нэгдсэн төсөв 12 их наяд төгрөг. Түүнээс цалинд 2.6 их наяд нь зарцуулагдана. Тэгвэл үүнээс давсан 3.6 их наяд төгрөг өнөө цемент зуурахад зарцуулагдана. Төсвийн энэхүү буруу бодлогоо одоохон засч, хээр хөдөө хийсч буй 3.6 их наяд төгрөгөө гурван сая иргэдийн чинь амьдралыг авч явдаг аж ахуйн нэгжүүдийн цалингийн сан руу шилжүүл.

Коронавирусийн үед Европын улс орнууд бүгдээрээ эдийн засгийн ийм бодлого руу хурдацтай шилжиж эхэллээ. Бид оройтож болохгүй!!!

Өдрийн сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen