АНУ Ормузын хоолойгоос хөлөг онгоцнуудыг гаргах ажиллагаа эхлүүлнэ
АНУ Ормузын хоолойд гацаад байгаа хөлөг онгоцнуудыг гаргах зорилготой “Project Freedom” ажиллагааг даваа гарагт эхлүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Truth Social” нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Түүний хэлснээр, дэлхийн бүх улс орон Вашингтонд хандан, Ормузын хоолойд гацаад байгаа хөлөг онгоцнуудыг чөлөөлөх хүсэлт тавьсан аж. “Иран, Ойрх Дорнод, АНУ-ын тусын тулд хөлөг онгоцнуудыг аюулгүй гаргана гэж эдгээр улс оронд мэдэгдсэн бөгөөд энэ үйл явц Ойрх Дорнодын бүсийн цагаар даваа гарагийн өглөө эхэлнэ” гэж Цагаан ордны тэргүүн бичсэн байна.
“Project Freedom” ажиллагаанд 15 мянга орчин цэрэг, пуужин тээвэрлэгч хөлөг, 100 гаруй цэргийн онгоцыг дайчилна гэж АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлсэн байна.
Хүмүүнлэгийн уг ажиллагаанд саад хийхийн оролдвол хүч хэрэглэнэ гэж Доналд Трамп анхааруулсан байна.
Харин Тегераны зүгээс Ормузын хоолойгоор хөлөг онгоц дамжин өнгөрөх дүрэм журамд АНУ хөндлөнгөөс оролцвол гал зогсоох дэглэмийг зөрчсөн гэж үзнэ хэмээн Ираны парламентын Үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын комиссын тэргүүн Эбрахим Азизи анхааруулжээ.



