“Цалин нэмэхээр талхаа авч чадахгүй” гэдэг тархи угаалт

Монголчуудыг ядуу байлгах бодлого дотоодын эрх баригчдын төдийгүй гадаад гүрнүүдийн ашиг сонирхол байсаар ирсэн. Эдийн засгийн эрх чөлөөтэй элбэг хангалуун иргэд төрөө бүрэн хянах боломжтой болдог учраас өдөр тутмын амьжиргаагаа аргацаах төдий байлгах нь чухал юм. Тийм ч учраас цалин нэмэх, иргэдийн амьжиргааг дэмжих, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг зохион байгуулалттайгаар үгүйсгэх ажиллагаа нийгмийн бүх шатанд явагдсаар байна.

Жишээ нь, эдийн засагч нэр зүүсэн зарим хүмүүс, хэвлэл мэдээлэл цаг үргэлж “цалин нэмбэл талхаа авч чадахгүй болно, мөнгөний ханш унана” гэсэн улиг болсон ойлголтоор иргэдийг үргэлж айлгаж байна.

Өчигдөр орой л гэхэд “Улаан бал” ярилцлагаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян оролцоход хөтлөгч нь нэвтрүүлгийн турш “Цалин нэмж болохгүй” гэсэн өөрийн муйхар байр суурийг тулгасаар дуусгаж байгаа нь харагдсан. Ингэхдээ чухам яагаад болохгүй вэ гэдэг бодит үндэслэл гаргаж тайлбарлаж чадаагүй. Харин оролцогчийн хувьд олон жил буруу явж ирсэн мөнгөний бодлогыг өөрчилж, иргэдээ боломжийн хэмжээний цалин орлоготой болгож байж улсын эдийн засаг, нийгмийн бусад салбар хөгждөг гэдгийг дурдаж байв.

Яг үнэндээ цалин нэмэхээр л талхны үнэ өсчихдөг юм биш. “Мөнгө хэвлэхээр ханш унана” гэдэг бол хүмүүсийг юу ч хийлгүй зүгээр сууж байхад нь сонгуулийн оноо авах зорилгоор бэлэн мөнгө тараах халамжийн хортой бодлогын үр дагаврын тухай асуудал. Хөдөлмөрлөж бүтээж буй иргэдийн цалинг хангалттай түвшинд хүргэх, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тогтоох тухай ойлголт бол тусдаа. Энэ нь улс орны эдийн засгийг тогтвортой тэлэх зах зээлийн харилцан хамааралтай бодлого байдаг.

Тухайлбал, иргэдийн цалин нэмэгдэж, худалдан авах чадвар сайжирснаар хэрэглээ тэлнэ. Хэрэглээ тэлнэ гэдэг нь жижиг, дунд, том бүх шатны бизнесийн худалдааны эргэлт нэмэгдэнэ гэсэн үг. Худалдаа үйлчилгээний эргэлт нэмэгдэнэ гэдэг зах зээл доголдолгүй, эрүүл, өсөлттэй байхын эхлэл. Энэ өсөлт нь улсын төсөв бүрдүүлэгч татварын бааз суурь өсөн нэмэгдэх үндэслэл. Төсвийн орлого тасалдалгүй, нэмэх үзүүлэлттэй байх тусам түүгээр санхүүжүүлэх нийгмийн үйлчилгээний чанар, нийгмийн бүтээн байгуулалтын хэмжээ өсөх боломж бүрдэнэ. Энгийнээр хэлбэл, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих гэж улс царай алдахгүй болно гэсэн үг. Мөн боломжийн цалинтай хүн заавал төрөөс дэмжлэг авах, банк, санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авах шаардлагагүйгээр байр орон сууц, унаа тэргээ худалдан авна. Энэ хэмжээний тогтвортой худалдан авалт, төлбөрийн чадварын цаана барилгын салбар гэх мэт эдийн засгийн чухал салбарууд доголдолгүй ажиллаж эхэлнэ. Үүнийг дагасан материал үйлдвэрлэл, ханган нийлүүлэгч жижиг дундууд ажилтай орлоготой байна. Өдөр тутмын хэрэглээгээ асуудалгүй худалдан авч чаддаг болсон иргэд хуримтлал хадгаламж үүсгэж эхэлнэ. Хуримтлал бий болсноор банк санхүүгийн салбар уналтад орох эрсдэлгүй... гэх мэтээр өсөлт, тогтвортой байдлын гинжин хэлхээ явдаг.

Ийм учраас л цалин нэмэх нь талхны үнэ өсгөх аюул бус хэрэглээний үнийг бууруулах гол хөшүүрэг юм. Өөрөөр хэлбэл, худалдан авах чадвартай зах зээл дээр цөөн үйлдвэрлэгч өндөр үнэтэй талх зарах бус олон үйлдвэрлэгч олон талх зарахын тулд хямд үнээр өрсдөлдөж эхэлнэ. Бүх салбарт ажиллаж буй хүмүүс олсон хуримтлуулсан мөнгөөрөө төрөл бүрийн бизнес рүү их бага гэлтгүй хөрөнгө оруулна. Дотоодын хөрөнгө оруулалт тэлэх суурь ингэж бий болно.

Тэгэхээр улсыг хөгжүүлнэ, зах зээлийг тэлнэ, эрүүлжүүлнэ гэдэг тийм аймаар хэцүү юм огт биш. Гагцхүү иргэдийн худалдан авах чадварыг нэмэх, ингэхдээ халамжаар бус цалингийн үнэлэмжээр үүнийг бий болгоно гэдэг гарцаагүй. Худалдан авах чадваргүй, бага орлоготой иргэд сайхан амьдардаг жишээ дэлхийн хаана ч байхгүй. Хамгийн гол нь мөнгөний ЗӨВ буюу ШИНЭ бодлого л шаардлагатай.

Шинэ бодлого гэдэг нь Төв банкны бодлогын хүүг ганц хоёрхон хувиар дээш доош хөдөлгөж амь аргацаах уламжлалт аргаас татгалзаж, эдийн засагт шууд мөнгө нийлүүлэх уламжлалт бус арга хэмжээ авахыг хэлж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн их хямралаас хойш улс орнууд чухам ийм арга хэмжээ авч, зах зээлээ авардаг, тэлдэг жишиг тогтоод 10 гаруй жил болж байна. Гэтэл манайд “Цалин өсвөл талх өснө” гэсэн огт авцалдаагүй хоцрогдсон зүйлийг өнөөдөр хүртэл ярьсаар, олон нийтийг төөрөгдүүлсээр сууна. Хавтгайрсан халамжаас хамаарч төгрөгийн ханш унадаг үзэгдэл нь цалин нэмэх, мөнгө хэвлэж зах зээлээ тэлэхээс тусдаа гэдгийг “эдийн засагчид” ч, сэтгүүлчид ч ялгаж салгаж сурах хэрэгтэй.         

Харин бидний өмнө зайлшгүй тулгараад буй “Мөнгөний шинэ бодлого, түүнийг төсвийн бодлоготойгоо зөв уялдуулж хэрэгжүүлэх асуудал” нь улс төрийн хүчнүүдийн үүрэг, бодлогын өрсөлдөөн юм. Мөн олсон орлого авсан цалин нь улс орноо хөгжүүлэх байтугай ахуй амьдралдаа ч хүрэлцэхгүй байгаа өнөөгийн хүнд хүчир байдлаараа байсаар байх уу, эрс өөрөөр амьдрах уу гэдэг нь иргэдийн сонголт байх болно.  

Д.Үлэмж

Эх сурвалж: zuv.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen