Оросын коксжихгүй нүүрсний экспорт буурч, Монголынх 73 хувиар өсжээ
Орос улс коксжихгүй нүүрс буюу эрчим хүчний нүүрсний экспортын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж байв. Гэвч 2026 оны эхний есөн сарын байдлаар дөрөвдүгээр байр руу ухарсан байна. Үүнд тус улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 18.6 хувиар буурч, 42.5 сая тоннд хүрсэн нь голчлон нөлөөлжээ.
"BigMint" судалгааны байгууллагын мэдээллээр Оросын нүүрсний экспортын бууралт бусад нийлүүлэгч орнуудын дунд хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Өмнөд Африк экспортын хэмжээгээ найман хувиар нэмэгдүүлж, 52.1 сая тоннд хүргэснээр Оросыг гүйцэж, гуравдугаар байрт оржээ. Харин дэлхийн хэмжээнд коксжихгүй нүүрсний худалдаа 3.2 хувиар буурч, 602.5 сая тоннд хүрсэн байна. Оросын экспорт дангаараа 9.7 сая тонноор багассан нь дэлхийн зах зээлийн нийт бууралтын ойролцоогоор 49 хувийг эзэлжээ. Мөн дэлхийн зах зээлд эзлэх Оросын хувь 8.4 хувиас 7.1 хувь болж буурсан байна.
Экспортын хэмжээгээр Индонез улс дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч нийлүүлэлт нь 10 хувиар буурч, 240.3 сая тоннд хүрчээ. Харин Австрали хоёрдугаарт жагсаж, экспортоо хоёр хувиар нэмэгдүүлэн 151.2 сая тоннд хүргэсэн байна. Энэ хугацаанд Монгол Улс нүүрсний экспортоо хамгийн өндөр хувиар нэмэгдүүлсэн томоохон нийлүүлэгч орон болжээ.
Тодруулбал, Монголын коксжихгүй нүүрсний экспорт 73 хувиар өсөж, 24 сая тоннд хүрсэн байна.
Оросын нүүрсний экспорт Хятад болон Туркийн зах зээлд хамгийн ихээр буурчээ. Турк руу нийлүүлсэн нүүрсний хэмжээ 32 хувиар буурч, 15.7 сая тонн болсон. Харин Хятад руу гаргасан экспорт 26 хувиар багасаж, 15.1 сая тоннд хүрсэн байна.
Энэтхэг улс Оросын нүүрсний борлуулалт өссөн цорын ганц томоохон зах зээл болжээ. Тус улс руу хийсэн экспорт 63 хувиар нэмэгдэж, 9.6 сая тоннд хүрсэн. Энэ нь Оросын 2025 оны бүтэн жилийн нийлүүлэлт болох 7.4 сая тонныг давсан үзүүлэлт юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Туркт цахилгаан станцын нүүрсний эрэлт суларсан, Хятадад түлшний нөөц ихэссэн, мөн Монголын өрсөлдөөн нэмэгдсэн нь Оросын экспорт буурахад нөлөөлжээ. Түүнчлэн төмөр замын тээвэр, далайн тээвэр болон хөлөг онгоцны даатгалын зардал өндөр байгаа нь Оросын нийлүүлэгчдэд нэмэлт дарамт болж байна. Энэтхэгт үнийн хөнгөлөлт санал болгосноор борлуулалтаа нэмэгдүүлсэн ч логистикийн зардал өсөх нь цаашид өрсөлдөх чадварт нь сөргөөр нөлөөлж болзошгүй аж.
Гэхдээ "BigMint"-ийн мэдээлэл нь Оросын нүүрсний экспортын нийт хэмжээг илэрхийлэхгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. "Kpler" судалгааны байгууллагын тооцоогоор 2026 оны эхний есөн сард Оросын бүх төрлийн нүүрсний далайн тээврээр хийсэн экспорт 7.25 хувиар өсөж, 135.86 сая тоннд хүрсэн байна. Эдгээр мэдээлэл нь нүүрсний өөр өөр ангиллыг хамарч, тооцооллын ялгаатай аргачлал ашигласан тул хооронд нь шууд харьцуулах боломжгүй юм.
ОРОСЫН НҮҮРСНИЙ КОМПАНИУДЫН 64.5 ХУВЬ НЬ АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА
Оросын нүүрсний салбарын хямрал гүнзгийрч, 2026 оны эхний долоон сард тус улсын нүүрс олборлогч компаниуд нийт 178.2 тэрбум рублийн буюу ойролцоогоор 2.2 тэрбум ам.долларын цэвэр алдагдал хүлээжээ. ОХУ-ын Үндэсний статистикийн албаны мэдээллээр, нүүрсний салбарын компаниудын 64.5 хувь нь алдагдалтай ажилласан байна. Энэ хугацаанд ашигтай ажилласан компаниуд нийт 45 тэрбум рублийн орлого олсон бол алдагдалтай компаниудын нийт алдагдал 223.2 тэрбум рубльд хүрчээ. Ийнхүү ашигтай ажилласан компаниудын орлогыг тооцсон ч салбарын нийт санхүүгийн үзүүлэлт алдагдалтай гарсан байна.
Оросын хамгийн том нүүрс олборлогч бүс болох Кузбасст нөхцөл байдал онцгой хүнд байна. Бүс нутгийн Нүүрсний аж үйлдвэрийн яамны мэдээллээр 2026 оны наймдугаар сарын байдлаар тус бүсийн 93 далд уурхай болон ил уурхайгаас 20 нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Мөн нүүрсний салбарын ажиллагсдын тоо нэг жилийн хугацаанд 103 мянгаас 97.3 мянга болж буурчээ.
ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд Дмитрий Исламов нүүрсний салбарын хямралын хамгийн хүнд үе ард хоцорч, үнэ сэргэж эхэлсэн гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хүнд хэвээр байгааг тэрбээр онцолжээ. ОХУ-ын Эрчим хүчний яамны тооцоогоор нүүрсний салбарын 2026 оны нийт алдагдал 310 тэрбум рубль буюу ойролцоогоор 3.8 тэрбум ам.долларт хүрч болзошгүй байна.
"The Insider" хэвлэлийн мэдээлснээр, Оросын нүүрсний компаниуд экспортын хэмжээгээ хадгалахын тулд төрийн хөнгөлөлт, татварын хойшлуулалт, төмөр замын тээврийн дэмжлэгт улам бүр түшиглэх болжээ.
Мөн тус хэвлэлд эш татсан "Green Think Tank" судалгааны байгууллагын тооцоогоор Оросын Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний дайны жилүүдэд нүүрсний салбарын нийт санхүүгийн алдагдал 2.5 их наяд рубль буюу ойролцоогоор 30.9 тэрбум ам.доллар давсан байна.



