Санкт-Петербург, Ленинградад дроноор халджээ

Санкт-Петербург, Ленинградад дроноор халджээ

 

Украины дроны халдлагын улмаас ОХУ-ын хоёр дахь том хот Санкт-Петербург болон хөрш Ленинград мужид нэг хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. Мөн газрын тосны байгууламж, эрчим хүчний дэд бүтэц, бусад объектод хохирол учирсан байна.

Санкт-Петербург хотын даргын Ням гаригт /2026.10.18/ олон нийтийн сүлжээнд мэдээлснээр, хотод өргөн хүрээтэй дроны халдлага болж, нэг хүн амиа алдан, таван хүн гэмтэж бэртжээ.

Халдлагын үеэр газрын тосны терминал болон агуулах зэрэг байгууламжид гал гарсан байна.

Мөн Оросын цахим худалдааны томоохон компаниудын нэг болох “Ozon”-ий ложистикийн төвүүдийнх нь нэг дроны халдлагад өртсөнийг мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Ленинград мужийн захирагч Украины дронууд цахилгаан дэд станц, орон сууцны барилгууд болон Оросын томоохон нийгмийн сүлжээний платформ “ВКонтакте” (VK)-ийн дата төвд цохилт өгсөн гэж мэдээлсэн байна. Түүний хэлснээр, Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин тус мужийн нутаг дэвсгэрт 145 дроныг устгажээ.

ОХУ-ын төрийн мэдлийн ТАСС агентлагийн мэдээлснээр, Ленинград мужид болсон халдлага нь тус бүс нутагт урьд өмнө бүртгэгдсэн хамгийн өргөн хүрээтэй халдлагуудын нэг бөгөөд дор хаяж 10 хүн гэмтэж бэртсэн байна.

Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Ням гаригт олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Оросын Украины нутаг дэвсгэрт хийж буй цохилтуудыг шүүмжилжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Оросын арми Украины эрчим хүчний байгууламжуудад голлон халдлага үйлдэхдээ 2,700 орчим дрон, 66 пуужин болон бусад төрлийн зэвсэг ашигласан гэж мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen