Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Бүгд Найрамдах Беларус Улсын Байгалийн нөөц, байгаль хамгаалал хариуцсан дэд сайд Виктор Галановыг өчигдөр (2026.08.26) хүлээн авч уулзжээ.

“Беларус Улс Монгол Улстай харьцуулахад эрдэс баялаг, харьцангуй бага ч гэсэн 50 гаруй уул уурхайн түүхий эд олборлож, тэдгээрийн ихэнхийг боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Цаашид Монгол Улстай геологи хайгуулын чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байна” гэж дэд сайд Виктор Галанов уулзалтын үеэр илэрхийлжээ. 

Мөн "Беларус Улс нь уурхайн олборлолтын тоног төхөөрөмжөөс гадна боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг олон төрлөөр үйлдвэрлэж, гадагш нь нийлүүлдэг учраас Монгол Улсын АҮЭБЯ болон аж ахуй нэгжүүдийг тус улсад зочилж, үйлдвэрүүдтэй танилцахыг урьж байна" гэсэн юм. 

“Манай хоёр улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх замын зураглал гарган, зураглалын дагуу уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааг хөгжүүлж байгаад их талархалтай байгаагаа илэрхийлж, хоёр улс геологийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой” гэж Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв дурдсан байна.

Тэрбээр есдүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах Mining Week &Mine Pro арга хэмжээнд олон улсын тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид болон уул уурхайн компаниудыг өргөнөөр оролцохыг урьжээ. 

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen