АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2026.03.31/ хэлэхдээ АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ. “Epic Fury” гэж нэрлээд буй цэргийн ажиллагааг дууссан хэмээн үзэхийн тулд Ирантай дипломат тохиролцоонд хүрэх шаардлагатай эсэхийг Трампаас асуухад “Иран тохиролцоонд хүрэх шаардлагагүй. Надтай тохиролцох шаардлага огт байхгүй” гэсэн байна. Трамп Ираныг тохиролцоонд хүр гэж шахаж байсан бол одоо байр сууриа өөрчилж хэлэлцээнд хүрэх шаардлагагүй хэмээв.

Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордоо, хуванцрын үнэ нэмэгдэж гелийн хомсдол үүсээд байгаа юм. АНУ нь эрчим хүч экспортлогч орон ч гэсэн газрын тосны үнэ нэмэгдэхэд америкчуудын шатахуунд зарцуулдаг мөнгө дагаад өснө. Мөн хуванцрын үнэ нэмэгдсэнээр хүнсий үнэ нэмэгдэж америкчуудад нөлөөлөх учир Трамп дайныг хурдан дуусгах сонирхолтой. Учир нь энэ арваннэгдүгээр сард Конгрессын завсрын сонгууль болох юм.

Трамп Иран тохиролцоонд хүрэхгүй бол цахилгаан станцуудыг нь бөмбөгдөнө гэж сүрдүүлснээсээ хоёр ч удаа буцаж, цохилт өгөх хугацаагаа хойшлуулсан. Хоёр дахь удаа хугацаагаа хойшлуулсны дараа тэр дахин сүрдүүлэхдээ цахилгаан станц, газрын тосны цооног, далайн ус давсгүйжүүлэх үйлдвэр, Харг арлыг газартай нь тэгшилнэ гэсэн юм. Харг нь Ираны газрын тосны экспортын 90 хувь дамжин өнгөрдөг өндөр ач холбогдолтой арал билээ. Ингэж сүрдүүлэхийн зэрэгцээ Трамп Ирантай хийж буй хэлэлцээ сайн ахицтай явагдаж байгаа хэмээсэн. Одоо тэгвэл тэр Техрантай тохиролцох хэрэггүй, АНУ дангаараа дайныг дуусгаж чадна гэв. Дайны туршид Трамп болон түүний өндөр албан тушаалтнууд бие биеэ үгүйсгэсэн, авцалдаагүй, зөрүүтэй мэдээлэл гаргаж буй нь ийнхүү үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen