Оросын ирэх оны төсөвт нефтийн үнийг 50 доллар байхаар тусгажээ
Орос улсын ирэх жилийн төсвийн төсөлд нефтийн үнийг 50 долл/баррель байхаар тусган тооцсон бол холбооны төсвийн алдагдал 2 орчим хувьтай байна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдлээ.
Энэхүү үнэлгээ нь хэт доогуур мэт байгаа боловч найдвартай баримжаатай таамаглал гэж тэрбээр хэлэв.
Оросын засгийн газар ирэх оны эдийн засаг-нийгмийн хөгжлийн таамаглалаа боловсруулж дуусаж байгаа бөгөөд гол үүрэг зорилтууд бол нийгмийн баталгааг хангах, аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах чадавхийг сайжруулах явдал юм.
Путиний үзэж байгаагаар, ойрын саруудад нефть, хийнээс орох орлого нэмэгдэх учраас Үндэсний баялгийн санг арвижуулах боломжтой.
Инфляцийг бууруулахад чиглэсэн Төв банк ба Оросын засгийн газраас авч буй арга хэмжээнүүд үр дүнгээ өгч буй нь илт байна гэж В.Путин хэллээ. Оросын компаниуд тогтвортой ажиллаж буй нь хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлаас харагдаж байгаа бөгөөд ажилгүйдлийн түвшин түүхэн доод хэмжээнд байна.
Хүн амын орлого өсөж байгаа нь хэрэглээний барааны эрэлтээс харагдаж байгааг Оросын Ерөнхийлөгч тэмдэглэн хэллээ. Тэрбээр Барууны орнуудаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авахад тавьсан хоригоо 2028 он хүртэл сунгажээ. Уг хоригийг Барууны орнуудын найрсаг бус үйлдлийн хариуд 2014 онд тогтоосон байна.
Б.Адъяахүү



