БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилна

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д айлчилна

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д хийх төрийн айлчлалаа эхлүүлнэ. Энэ нь сүүлийн 11 жилд БНХАУ-ын дарга АНУ-д хийх анхны төрийн айлчлал юм. 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нарын хэлэлцээ хоёр орны харилцааг тогтворжуулах боломж олгоно гэж хоёр тал найдаж байгаа аж. 

Хоёр талын төрийн тэргүүний харилцан айлчлалын тухайд, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 2026 оны 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байлаа. Өмнө нь тэр бээр 2017 оны 11 дүгээр сард төрийн тэргүүний хувиар мөн айлчилж байсан юм. 

Харин Ши Жиньпин төрийн тэргүүний хувиар АНУ-д дөрвөнтөө айлчилсан. Анх 2013 оны 06 дугаар сард АНУ-д албан бус айлчлал хийж, тухайн үеийн Ерөнхийлөгч Барак Обаматай Калифорни мужид уулзаж байв. Анхны төрийн айлчлал 2015 оны 09 дүгээр сард болсон бол 2017 оны 04 дүгээр сард Доналд Трамп Мар-а-Лаго дахь өргөөндөө БНХАУ-ын даргыг хүлээн авч байлаа. Хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сард Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт АНУ-д болоход тус арга хэмжээнд оролцож, АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж байв. 

Төрийн айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар хоёр талын харилцаа болон олон улсын чухал асуудлуудаар үзэл бодол солилцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

“БНХАУ АНУ-тай хамтран хоёр талын цогц харилцааг өргөжүүлж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр орны ард түмэнд илүү үр ашигтай байх, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулахын ын тулд санал зөрүүтэй байдлыг зохих ёсоор шийдвэрлэнэ” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, АНУ-ын тал БНХАУ-ын тэргүүнийг хүндэтгэлтэй угтан авахаар онцгойлон ач холбогдол өгч байгаа аж. Тодруулбал, 09 дүгээр сарын 23-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Вашингтоны ойролцоох Эндрюс агаарын баазад газардахад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп биечлэн угтахаар зэхэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч гадаад улс орны төрийн тэргүүнүүдийг голчлон Цагаан ордонд угтан авдаг тул энэ удаад агаарын баазад угтан авахаар төлөвлөж байгаа нь онцгой үйл явдал гэж эх сурвалжууд онцолжээ. 

Айлчлалын үеэрх үндсэн арга хэмжээ 09 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон байна. Энэ өдрийн өглөө нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Мелани Трамп нар БНХАУ-ын дарга Ши Жиньпин, түүний гэргий Пэн Лиюань нарыг Цагаан ордонд угтан авах аж. Үүний дараа хоёр талын хэлэлцээ эхлэх бол хоёр талын тэргүүн хатагтай нар тусгай арга хэмжээнд оролцоно гэж эх сурвалжууд мэдээлжээ. 

Мөн өдрийн орой нь Цагаан ордонд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд зориулсан төрийн хүндэтгэлийн зоог барих ёслол болох аж. Энэ хүндэтгэлийн зоогт Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос, SpaceX болон Tesla компанийг үүсгэн байгуулагч Илон Маск, OpenAI компанийн ерөнхий захирал Сэм Альтман нарын АНУ-ын томоохон технологийн компаниудын төлөөлөл уригджээ. 

Эх сурвалж: Reuters, The Washington Post, РБК, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen