Converse шүүмжлэлд өртөж сурталчилгаагаа зогсоожээ

Converse шүүмжлэлд өртөж сурталчилгаагаа зогсоожээ

 

Америкийн гутлын брэнд Converse арьс өнгөөр ялгаварласан агуулгатай хэмээн шүүмжлэл дагуулсан сурталчилгаагаа цахим сувгуудаасаа татаж, олон нийтээс уучлалт хүсжээ.

Тус сурталчилгаанд Өмнөд Солонгосын aespa хамтлагийн гишүүн Карина Converse-ийн Chuck 70 X загварын пүүзийг сурталчилсан байна. Зурагт Карина урт цагаан банзал өмсөж, хар өнгийн хоёр пүүзийг нэг гартаа барьсан байдлаар дүрслэгдсэн байжээ.

Харин уг зургийг олон нийтийн сүлжээний хэрэглэгчид шүүмжилж, гэрэл болон сүүдрийн зохицол нь Ku Klux Klan (KKK)-ын гишүүдийн өмсдөг үзүүртэй цагаан бүрхүүлтэй төстэй харагдаж байна гэж үзсэн байна. Мөн Каринагийн барьсан пүүзний байрлал нь дүүжлэгдсэн хүний хөлтэй адил харагдаж байна хэмээн шүүмжилжээ.

Ku Klux Klan буюу KKK нь АНУ-д хар арьстнуудын эсрэг хүчирхийлэл, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой түүхтэй цагаан арьстны давамгайллыг сурталчилдаг байгууллага юм.

Шүүмжлэл цахим орчинд өрнөснөөр Converse сурталчилгааг устгаж, уучлалт хүссэн байна.

Түүнчлэн АНУ-ын иргэний эрхийн өмгөөлөгч Ли Меррит компаниас уучлалт гуйхаас гадна ийм дүрслэл сурталчилгаанд гарахаас нь өмнө анзаарах ёстой байсан гэж шүүмжилсэн байна. Харин зарим хэрэглэгч уг зургийг зориудаар ийм утга агуулгатай хийсэн эсэхэд эргэлзэж, Converse-ийн зорилго расист агуулга гаргах байгаагүй байж болохыг онцолжээ.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen