АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 18.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖЭЭ

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАР 18.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖЭЭ

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 15.7 их наяд төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өмнөх оноос 2.7 (21.0%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм байна. Ингэж өсөхөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оноос 1.8 (19.6%) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1.6 (63.1%) их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 198.3 (3.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.



Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оноос алт, нүүрс, цайрын баяжмал, буталмал чулуу зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 4.1-17.3 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, шар айраг, малын тэжээл, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, вакуум цонх, хаалга, банш, бууз, зүсмэл материал, ноолууран сүлжмэл эдлэл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.3-79.3 хувиар өссөн байна.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт зэсийн баяжмал, молибдений баяжмал, хайлуур жонш, газрын тос, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.5-19.1 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт катодын зэс, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 3.5-92.5 хувиар буурчээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 3.1 (20.7%) их наяд төгрөгөөр өссөн байна. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Х.Хулан

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen