Барууны орнууд Украинд танк нийлүүлж эхэллээ
Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалт өнгөрсөн баасан гарагт болж, Герман улс болон дэмжигч орнууд Украинд Leopard танк нийлүүлэх асуудлаар тодорхой шийдэлд хүрээгүй билээ. Гэвч Германы Гадаад хэргийн сайд Анна Бербок “Польш улс Украин руу Leopard танк илгээхэд Берлин саад болохгүй” хэмээн ням гарагт мэдэгдсэнээр Польш Украинд амласан ёсоор Leopard загварын 14 нэгж танкийг ойрын үед нийлүүлэх төлөвтэй байна.
Германы батлан хамгаалахын Rheinmetall концерн “Украинд нийт 139 нэгж Leopard-1, Leopard-хоёр танкийг нэг жилийн дотор нийлүүлэх боломжтой. Эхний ээлжийн танкийг энэ оны тавдугаар сард нийлүүлэх боломжтой” хэмээн мэдэгдэж байна.
Украинд зэвсэг нийлүүлэх Рамштейн-8 уулзалтын хүрээнд Франц 40 нэгж AMX-10 дугуйт танк, Их Британи 14 нэгж Challenger танк, Чех, Морокка зэрэг орнууд 90 нэгж Т-72 танк нийтдээ 144 тооны танк Украинд нийлүүлэгдэх төлөвтэй байна.
Украины эрх баригчид Оросын довтолгоог няцаахад хамгийн багадаа 300 танк хэрэгтэй хэмээн барууны орнуудад хүсэлт гаргасан бөгөөд Герман улсын байр сууриас шалтгаалан Украинд танк нийлүүлэх асуудал хүлээлтийн байдалтай байсан бол өчигдөр энэ асуудал гацаанаас гарч Германы канцлер Олаф Шольц Leopard танкуудыг Украин руу шилжүүлэхээр шийдвэр гаргалаа.
Spiegel сэтгүүлд мэдээлснээр, Герман хамгийн багадаа нэг танкийн рот буюу 14 нэгж Leopard танк Украинд нийлүүлэх төлөвтэй байна. Цаашид Германы Leopard танктай барууны 15 орноос Украинд тус танкийг шилжүүлэхэд Герман хориг саад тавихгүй бололтой