ФОТО: Японы 90 настай бодибилдингийн тамирчин 17 дахь удаагаа улсын аварга болжээ
Японы бодибилдингийн тамирчин Тошисүкэ Каназава 90 насныхаа төрсөн өдрийн маргааш тэмцээнд оролцож, 85-аас дээш насныхны ангилалд түрүүлжээ.
Тэрбээр Хирошима хотод болсон Японы ахмадын бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээний 85-аас дээш насныхны ангилалд өрсөлдсөн байна. Тус ангилалд зургаан тамирчин өрсөлдсөнөөс Каназава тэргүүлжээ.
Ингэснээр тэрбээр мастерс ангиллын тэмцээнд 17 дахь удаагаа түрүүлсэн байна. Тэмцээнд нийт 41-90 насны 200 орчим тамирчин 13 ангилалд өрсөлджээ.
Каназава 20 настайдаа бодибилдингээр хичээллэж эхэлсэн бөгөөд 24, 27 насандаа “Mr. Japan” тэмцээнд түрүүлж байжээ. Харин 34 насандаа тэмцээнээс зодог тайлсан ч 50 насандаа дахин бэлтгэл хийж, тэмцээнд оролцож эхэлсэн байна.
Түүний бодибилдингийн замнал бараг 70 жил үргэлжилж байгаа бөгөөд өдгөө Японы хамгийн өндөр настай өрсөлдөгч бодибилдингийн тамирчинд тооцогдож байна.
Каназава ялалтынхаа дараа “Жил бүр үрчлээ нэмэгдэж, хүч чадал буурдаг. Үүнийг хичээл зүтгэлээр даван туулах нь миний амьдралын хэв маяг” хэмээжээ.
Тэрбээр цаашид ч бэлтгэлээ үргэлжлүүлж, аравдугаар сарын 6-нд болох Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: CNN







