Туркт цэргийн 176 албан хаагчийг баривчилжээ

Гурван жилийн өмнө Туркт төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод оролцсон байх магадлалтай цэргийн 176 албан хаагчийг баривчлах тушаал өгсөн гэж Истанбул хотын Ерөнхий прокурорын газар мэдэгдлээ. Туркийн агаарын цэрэг, тэнгисийн цэрэг, зэвсэгт хүчнийг хамарсан гүйцэтгэх ажиллагааны үеэр нэг хурандаа, хоёр дэд хурандаа, таван  хошууч, долоон ахмад, 100 гаруй дэслэгчийг баривчилсан гэж мэдэгдэлд дурдав. 

2016 оны 7 сарын 15-ны өдөр цэргийн хүчээр төрийн эргэлт хийх гэсэн амжилтгүй оролдлогыг АНУ-д байгаа лалын номлогч Фетхуллах Гюлен удирдан зохион байгуулсан гэж Анкара үздэг боловч тэрбээр үүнийг үгүйсгэдэг билээ. 

Төрийн эргэлт хийх оролдлого болсноос хойших 3 жилийн хугацаанд нийт 77 мянга гаруй хүнийг баривчилж, 150 мянга гаруй төрийн болон цэргийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлжээ. Харин Өрнөдийн зарим орон болон хүний эрхийг хамгаалах байгууллагууд Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогыг өөрийг нь эсэргүүцэгчдийг нухчин дарах шалтаг болгож байна гэж түүнийг буруушаажээ. 

Т.Есүхэйтөмөр

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen