ДО ЯАМНЫ МАНГАС ЖАМБАЛДОРЖ

Их хэлмэглүүлэлтийн он жилүүдэд Дотоод Явдлын Яамны орлогч сайд байсан энэ хүнийг Бат-Очирын Жамбалдорж гэдэг.
1949 онд өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн "Жамбалдоржийн хар хууль" гэгч тогтоолоор хэдэн мянган хүнийг хохироосон юм.
Хоёрхон жишээ: Долгоржав гэдэг эмч бүсгүйг Батцагааны шоронд хоригдож байхад нь өөрийг нь хүчиндэх гэсэн хуягийг нулимсан тул хүн дүрсээ алдтал зодуулжээ. Үүнээс болж жирэмсэн байсан бүсгүй үр зулбасан байна. Тэгээд хөөрхий бүсгүй дотуур хувцсандаа ургаа боож жорлонд хийчихээд мөрдөн лүү ачигджээ. Цус нөжтэйгээ холилдсон тэрээр хөнжлийнхөө хөвөнг урж хар цайнд норгож биеэ арчсаныг Дотоод Яамныхан мэдчихээд МАХН-ын Төв Хороо, Засгийн Газрын 53-р тогтоолыг санаатай зөрчиж социалист өмчийг сүйтгэсэн гэж (нөгөө алдартай Жамбалдоржийн хар хуулиар) хүндрүүлэн шийтгэж байжээ. Улсын өмч дутаасан хүнийг дээд хэмжээгээр шийтгэдэг байсан энэ хуульд олон гэмгүй хүмүүс өртсөн билээ. Тооллого хийсэн хүмүүсийн хариуцлагагүйгээс бараа дутуу тоологдсон учир нэгэн нярав буудуулж байв. Дараа нь шинэ хүн ирж хүлээн авахаар дахин тоолтол бараа бүрэн байсан гэдэг.

Б.Жамбалдорж нь хэлмэгдүүлэлтэнд өөрийн гараар оролцсон юм. 1940 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Баасанжавыг биечлэн байцаажээ. Түүнийг зодож хавиргыг нь хугалснаас хавирга нь уушгаа цоолсон байна. Гэвч Б.Жамбалдорж түүнийг чулуун шалтай мөстсөн касчерт хорихыг тушаажээ. Хоол цай өгөлгүй 24 цаг хориод маргааш нь Б.Баасанжавыг харгалзагчид орлогч сайд Б.Жамбалдоржийн өрөөнд авчирч гэнэ. Хугарсан хавирга нь уушгаа цоолсноос цус алдаж байхад нь "Чи наад цусаа шалан дээр бүү гоожуул, амьдаараа өмхийрсөн муу цусан эсэргүү өрөө балиартууллаа" гэж ахин зодсон гэдэг.

1941 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Баасанжав зодуулсаар Б.Жамбалдоржийн өрөөнд нас барсан байна. Эрүүгээ хуга өшиглүүлснээс пүл пал яриатай болсон байв гэж хамт хоригдож байсан Завхан аймгийн дарга асан П.Цогтзана гуай дурссан байдаг аж.

"Ноос бол алт" гэсэн тэр жилүүдэд малчид Жамбалдоржын хар хуулийг тойрч гараагүй юм. Олон малчин ардыг шийтгэн ялласан байдаг. Увс аймгийн Ховд сумын Мянгат малчин Батын Янжив 38кг ноос дутаасан хэргээр 4 жил хорих ял авч, 119 толгой малаар торгуулж байжээ. Малчид шоронд орохгүйн тулд үстэй дээлнийхээ үсийг хяргаж суусан гэдэг. Малчдыг шорон, татвараар дарамтлан хэлмэгдүүлсэн нь алдарт "Нэгдэлжих хөдөлгөөн" ялуулж Ардын хувьсгалтай эн зэрэгцэх гавъяа бүтээв хэмээх үйл явдлын бэлтгэл ажил байлаа.
Иосиф Сталиныг үхэхэд нь тэрбээр гашуудан уйлж "Бид их Сталины ачийг яаж хариулах вэ? Бид тусдаа улс байгаад яах юм бэ? ЗХУ-д нэгдэж Их Сталины ачийг хариулъя" гэх зэргээр авирласан гэдэг.

Бат-Очирын Жамбалдорж 1908 онд одоогийн Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн. 1928-1932 онд Богдхан уулын аймгийн Хоёр-Өлзийт уулын хошууны Баясгалант сумын нарийн бичгийн дарга, ХЗЭ-ийн дарга, Богдмандах сумын дарга, 1932-1936 онд Өмнөговь аймгийн аймгийн намын хорооны намын комиссын дарга, намын хорооны даргаар ажилласан. 1930 онд хамтралын нягтлан бодогчийн 6 сарын курс, 1936-1939 онд ЗХУ-ын Москва хотноо КУТВ-т суралцан төгссөн. 1939 оноос Дотоод яамны УАХГ-ын дарга, 1941 онд Дотоод яамны жинхэнэ орлогч сайд, Хоёрдугаар зэргийн комиссар \Одоогийнхоор дэслэгч генералтай дүйх\ 1941-1946 онд Шүүх яамны сайд, 1946-1957 онд Улсын прокурор,1957-1958 онд Хянан шалгах яамны сайд, 1958-1960 онд ЗХУ дахь элчин сайдын яамны улс төрийн зөвлөх, элчин сайдаар, 1960-1962 онд улсын арбиторчоор ажилласан юм. 1962-1971 онд Улаанбаатар хотын худалдаа удирдах газарт мэргэжилтэн, Улаанбаатар төмөр замын рестораны даргааар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор шагнагдсан. 1934-1961 онд МАХН-ын Төв хорооны гишүүн, 1961-1962 онд Намын төв шалган байцаах төв комиссын дарга, 1947-1952, 1954-1958 онд Улс төрийн товчооны орлогч гишүүн, 1952-1954 онд Улс төрийн товчооны гишүүн,1940-1951 онд Улсын бага хурлын гишүүн, 1951-1960 онд Ардын их хурлын депутатаар сонгогдож байжээ.

Тэрбээр хожим "Дардан бус замаар 70 жил" гэдэг нэртэй нэгэн ном бичин цѳѳн хувь хэвлүүлж байсан аж.

Тэр саяхан буюу 1998 онд 90 насандаа таалал төгссөн.

Юутай ч НТХ-ны нарийн бичгийн дарга Намсрай гуай түүнийг дуудаж уулзаад " Та ЗХУ-тай нэгдэе” гэсэн санал гаргаж байжээ. Үнэн санаанаасаа тэгэж бодож байсан уу” гэж асуухад. "Үнэн санаанаасаа бодож байсан” гэж хэж хариулжээ.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen