Оюу Толгойн 61 ажилтан 1226 метрийн гүнд зургаан цаг гацжээ
Оюу Толгойн гүний уурхайгаас газрын гадарга руу гарахаар өргүүрт суусан 61 ажилтан 1226 метрийн гүнд ойролцоогоор зургаан цаг саатжээ. Тэднийг есдүгээр сарын 3-ны 23:57 цагт гадаргад аюулгүй гаргасан байна.
Оюу Толгой ХХК-ийн мэдээлснээр уурхайн цахилгааны шугамд шувуу орж, богино залгаа үүссэнээс автомат хамгаалалт ажиллаж, өргүүр зогссон байна. Компанийн зүгээс тухайн хугацаанд агаарын урсгал хэвийн, ажилтнуудтай байнгын холбоотой байсан бөгөөд хэн ч бэртэж гэмтээгүй гэж мэдэгджээ.
Харин өргүүрт байсан ажилтан нөхцөл байдлыг маш хүнд, сэтгэлзүйн хувьд хүнд байсан хэмээн ярьж, уурхайн ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний асуудлыг мөн хөндсөн байна.



