Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

 

Ерөнхий сайд Г.Занданшатар Давост Монгол Улсын нэрийн өмнөөс түүхэнд байгаагүй, гэнэтийн хөнгөмсөг үйлдэл гаргалаа. Улсын гадаад бодлого, олон арван жил их гүрнүүдийн өмнө ч нугараагүй дипломат “хар хайрцагны бодлогo”-ыг үндсээр нь үгүй хийж орхилоо. Товчхондоо, Ерөнхий сайд дураараа аашилж, Монгол Улсыг олон улсын тавцанд маш хөнгөмсөг харагдуулав.

Түүний энэ үйлдлийг Засгийн газар албан мэдээнд “Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Монгол Улс АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан Энхийн зөвлөлд албан ёсоор нэгдэж, үүсгэн байгуулагч гишүүн улс боллоо хэмээн бахархалтайгаар зарласан.

Дээрх албан мэдээний араас Монголдоо л туршлагатай гэж болох ахмад дипломатчид “Гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн уран нүүдэл”,  “Гадаад бодлогын бие даасан байдлыг хангаж, тэнцвэр тогтоосон, цагаа олсон, зоригтой алхам” зэргээр ам уралдан магтан сайшаалаа. Ингэхдээ Гадаад бодлогын үзэл баримтлалаар тодорхойлсон “Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогоо улсын аюулгүй байдал, үндэсний язгуур ашиг сонирхлыг олон улсын эрх зүйн хүрээнд улс төр-дипломатын аргаар хангах нь гадаад бодлогын тэргүүлэх зорилт мөн” зэрэг заалтыг эш татацгааж, тараав. Ерөнхий сайд Г.Занданшатар ч хэвлэлд өгсөн ярилцлагадаа ижил утгатай зүйлс хэлж харагдсан.

Гэвч эдгээр нь хэт хуурчирсан үзэл суртлын шинжтэй үнэлэлт дүгнэлт. Ерөнхий сайд Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын байгууллагад гишүүнээр элсэх бичигт гарын үсэг зурахдаа, УИХ-тай  зөвшилцөөгүй шийдвэрлэснийг зориуд хөндөлгүй орхигдуулжээ. Цаашлаад Ерөнхий сайд Г.Занданшатарын энэхүү бие даасан шийдвэр Монгол Улсын гадаад харилцаанд ямар үр дагавар авчрахыг бодолцох боломж олгосонгүй.

Үүгээрээ хэн ч халдаж үл болох УИХ-ын онцгой бүрэн эрхийг булааж, холбогдох байнгын хороодтой ч зөвшилцөөгүй зэргээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хууль, Олон улсын гэрээний тухай хуулиудыг зөрчсөн.  Дээр нь Гадаад бодлогын үзэл баримтлалын амин сүнсийг гуйвуулж, Монгол Улсын хөршүүдтэйгээ харилцах харилцаанд сэв суулгах үйлдэл хийснийг дор тайлбарлая.

ЗОРИЛГО АРГАА ЗӨВТГӨХГҮЙ БУРУУ ЖИШИГ

Монгол Улсын Үндсэн хуулиар гадаад бодлого тодорхойлох, олон улсын байгууллага (эвсэл)-д нэгдэх эсэхийг шийдэх онцгой бүрэн эрх зөвхөн УИХ-д хадгалагдаж байгаа. УИХ-ын тухай хуульд мөн энэ онцгой бүрэн эрхэд хэн ч үл халдаж болно хэмээн тодорхойлоод өгчихсөн нь бий. Олон улсын гэрээний тухай хуулиар ч Ерөнхий сайд “Энхийн зөвлөл”-д нэгдэн гарын үсэг зурахдаа УИХ-тай зөвшилцөх ёстойг сануулсан заалтууд байна. Эдгээр хуульд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал (ард түмний төлөөлөл) Ерөнхий сайд Г.Занданшатарт ингэж дур зоргоороо аашлах эрх олгоогүй. Эсвэл түүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга дур мэдэн зөвшөөрөл өгсөн хэрэг үү гэх асуулт тавьж болно. Гэтэл Монгол Улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний дарга ч Ерөнхий сайдад ийм зөвшөөрөл өгөх эрхгүй. Цагаан дээр, хараар бичсэн хуулиа санацгаа. Хүн биш хууль засагладаг байя хэмээн хэдэн арван жил ярьцгаасан даа.

Нөгөө талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар энэхүү үйлдлээрээ АНУ-ын Д.Трамптай гар барьж, магтаал хүртсэн байж болно. Харин Монгол Улс олон улсад сайхан харагдсан гэдэг бол зөвхөн нэг сувгийн мэдээлэл. Олон улсын эх сурвалжууд өөрөөр тайлбарлаж байна.

Дэлхийн II дайнаас хойш дэлхийд тогтсон дэглэм, олон улсын эрх зүйг уландаа гишгэлснээрээ зард гараад буй АНУ-ын ерөнхийлөгч өөрөө “Энхийн” гэх зөвлөлийг хугацаагүйгээр даргална. Д.Трамп байсхийгээд л НҮБ-ыг муулж,  Дэлхийн худалдааны болон эрүүл мэндийн байгууллагаас эхлээд олон улсын эвслүүдийг үгүйсгэх болсон. Эвслийн дүрмэндээ “Олон улсын байгууллага” гэж тодорхойлсныг дэлхийн томоохон хэвлэлүүд онцолж байгааг анхаарах ёстой. Иймд олон улсад “Өөр нэг НҮБ” хэмээн ёжлогдож буй нэг улсын, нэг ерөнхийлөгчийн санаачилгатай “Энхийн” гэх байгууллагад дэлхийн лидер улсууд хараахан нэгдэн ороогүй. Герман, Франц, Их Британи тэргүүтэй Европын томчууд эрс буруушааж, татгалзсан. Хятад, Орос тэргүүтэй хөршүүд “Энхийн зөвлөл”-д нэгдэх эсэхэд, тоймтой хариу өгөөгүй. Дипломат аргаар татгалзсан. АНУ-ын нөмөр нөөлгөний гэгддэг Япон, Өмнөд Солонгос ч тус зөвлөлд нэгдээгүйг бодолцох хэрэгтэй. Мөн анх Газын зурваст энх тайван тогтоох агуулгаар тайлбарлаж байсан тус эвслийн дүрэмд “Газын зурвас” гэсэн нэг ч үг, үсэг байхгүй гэдгийг олон улсын эх сурвалжууд тодотгож буйг анзаарсан байлгүй. Дэргэдээ "Олон улсын тогтворжуулалтын хүчин" нэртэй цэргийн бүтэцтэй зэргийг дурдах юм биш.

Үүнийг дагаад АНУ-ын ерөнхийлөгч “Энхийн эвсэл”-ийн нэрийн дор Венесуэл тэргүүтэй улсад явуулснаас том дайн өдүүлж, энх тайван бусниулаад эхэлбэл, Монгол Улс дэмжсээр байх уу гэдэг асуулт босож ирнэ. Тэр үед Монгол Улс биш Г.Занданшатар гэдэг хүн энэ эвслийг дэмжсэн гэж тайлбарлах уу. Чухам Евразийн лидерүүд олон улсад тогтсон дэг журмыг үгүй хийх энэ эрсдэлээс эмээн, “Энхийн эвсэл”-д элсэхээс татгалзаад байгаа.

Түүнчлэн Г.Занданшатарын тогтоож буй буруу жишгээр Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэхээс өөр аргагүй болж байна. ШХАБ-д ажилагчийн байр суурьтай Монгол Улс хүчирхэг хөршүүдээс ирсэн олон удаагийн шахалтыг бага ард түмэн буюу парламентаараа хэлэлцүүлэн, эцсийн шийдвэр гаргах хуультай хэмээн аргалж ирсэн. Гэтэл Давосын жишгээр Монгол Улсын Ерөнхий сайд бие даан шийдвэр гаргаад, ШХАБ-д гишүүнээр элсэж болно гэдгийг Орос, Хятад мэдээд авчихлаа. ШХАБ ч АНУ-ын ерөнхийлөгч “Энхийн зөвлөл”-ийн адил бүс нутгийн энх тайвны төлөө гэдэг дүрэмтэйг мартаж болохгүй. “Энхийн зөвлөл” нь дэргэдээ цэргийн бүтэцтэй гэдгээрээ ШХАБ-тай төстэй. Тэр үед Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн” хэмээн заасан байдаг гэх тайлбар хэлээд сууж байх уу. Улсын гадаад бодлого, улсын Ерөнхий сайд ийм хөнгөмсөг байж болдог юм уу.

 

https://news.mn/r/2845848/

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen