Булааж хамгаалах тактик уу?
МАН-ын талцал үндсэн хуулийн цэц хүртэл “өндрийг авч”, улмаар ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ хууль зөрчсөнийг тогтоосон. Засгийн газрын бүрэн эрх сэргэж, харин чуулганыг удирдахдаа Үндсэн хууль зөрчсөн дэд дарга Х.Булгантуяа хариуцлага хүлээх болж байна. Эрх баригч намынхан ийнхүү бужигнуулж байх зуурт бас нэгэн ноцтой сэдэв уг дуулианд дарагдан, анхаарлаас гадуур “гулсаад” явчихлаа.
Улс төр бужигнаж байх зуурт Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй УИХ-ын 33 гишүүн Хянан шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг аравдугаар сарын 6-нд өргөн барьсан. Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод хамаарах MV-011952 дугаартай “Ухаа худаг” ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрөлтэй талбайг ашиглах үйл ажиллагаа, олборлосон нүүрстэй холбогдуулж байгуулсан оффтейк гэрээнүүд хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэхийг түр хороо байгуулан шалгахыг тэд хүссэн аж. Үндсэн хуулийн 28.2-т зааснаар Хянан шалгах түр хороо байгуулахын тулд нийт гишүүний дөрөвний нэг буюу 32-оос дээш хүний гарын үсэг хэрэгтэй. УИХ-ын гишүүд шалгах шаардлагатай гэж үзээд уг асуудлыг санаачилж, тогтоолын төсөл өргөн барих эрх нь ч нээлттэй. Гэвч энд хоёр асуудал байгаа юм.
Юуны өмнө гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайт-Ганцмодны боомтын хил холболтын төмөр замын гэрээг шалгах зорилгоор түр хороо байгуулахаар есдүгээр сарын сүүлчээс гарын үсэг цуглуулж байв. Энэ оны хоёрдугаар сарын 17-нд БНХАУ-ын Харбин хотод байгуулсан дээрх гэрээгээр улсад 36 их наяд төгрөгийн алдагдал учирсан байж болзошгүй учраас хянан шалгах нь зөв гэж гишүүд үзжээ. Тэд энэ сарын 9-нд мэдээлэл хийхдээ “Гарын үсэг бүрэн цуглаж, түр хороо байгуулах тогтоолын төслөө өргөн барихад бэлэн болсон. Энэ нь шинэ тутам байгуулсан гэрээ учраас яаралтай дахин хэлэлцээ хийж, засах хэрэгтэй. Хятадын талаас биржийн үнээр нүүрс авахад бэлэн байна, гэхдээ таван хувиар хямдруулаач гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Биржийн үнэ 100 ам.доллар байхад таваар хямдруулаад 95 болгож болно гэсэн үг. Гэтэл хэзээнээс, яагаад нэг тонн нь 50, эсвэл 55 ам.доллар болчихсоныг л шалгах гээд буй юм. Гэрээг яаралтай засаж, тонн тутмын үнийг 10 ам.доллароор нэмэхэд л 2.5 тэрбум долларын ашиг олох боломжтой. Үүгээр ахмадуудын тэтгэвэр, багш, эмч нарын цалинг нэмэх зэргээр үр өгөөжийг нь олон хэлбэрээр хүртэх юм” хэмээн тайлбарлаж байв. Бас түр хороо байгуулах гарын үсэг зурахаар бэлдэж байсан гишүүдийг хэн ч юм утсаар дарамталж, шийдвэрээ цуцлахад хүргэсэн зэргээр бэрхшээл учирсан тул 33 хүн бүрдүүлэх гэж багагүй удсан гэсэн юм. Ж.Баярмаа гишүүн “Ухаа худагийн асуудлыг шалгах нь зөв. Гэхдээ ач холбогдлын хувьд 36 их наяд төгрөгийн хохирол учирсан байж болзошгүй, шинэ гэрээг түрүүлж хэлэлцэн засах нь илүү чухал” гэж байв. Тэр үед Ухаа худагийн асуудлаар түр хороо байгуулах гэж буй тухай мэдээлэл сураг төдий байсан юм. Гэвч үнэндээ эл мэдээлэл хийхээс гурав хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй гишүүд хэдийн дээрх тогтоолын төслөө өрсөөд өгчихсөн байсан хэрэг.
Эдүгээ УИХ-д Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой түр хороо ажиллаж буй. О.Батнайрамдал тэргүүтэй гишүүн санаачлан уг хороог байгуулсан юм. УИХ ын тухай хуулийн 28.6-д “Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хүртэлх хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Үндсэн хуулийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэнэ” гэсэн. Ингээд хуульд заасан түр хорооны хязгаар тулсан тул Ж.Баярмаа, Д.Ганбат нарын Харбины гэрээг шалгах түр хороо байгуулах асуудал дараагийн хаврын чуулган хүртэл хойшилж байгаа юм.
Ж.Баярмаа, Д.Ганбат нарын түр хороо байгуулах эрхийг Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн булаасан гэсэн үг. Тэр бол Монгол Улсын Ерөнхий сайдаар түүхэнд хамгийн удаан буюу тасралтгүй таван жил ажилласан хүн. Ерөнхий сайд байхдаа хийсэн дээрх Харбины гэрээг илрүүлэн шалгах гэнгүүт сөргүүлээд чимээгүйхэн Ухаа худгийн асуудлыг оруулаад ирж байгаа юм. Энэ бол булаах, хамгаалах тактик.
Таван жил Засгийн газрыг тэргүүлэх хугацаанд нь иргэдийн амьдрал улам бүр хүндэрч, өрнөөс өрийн хооронд өдөр аргацаах болсон. Ардчилал, авлигын индексээр ч олон улсад ухарсан. Гэвч эдийн засаг цаасан дээр бол “суга” өссөн. Тэр нь ард түмнийхээ амьдралд наалдаагүй юм. Үүний нэг шалтгаан нь “Харбины гэрээ” байсныг ч үгүйсгэхгүй. Өнөөдөр энэ гэрээтэй холбоотой олон ноцтой баримт түрүүчээсээ ил болж буй. Экс Ерөнхий сайдыг хүүгийнхээ тансаглалын орлогыг нотол, ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлагаа хүлээж огцор хэмээн залуус жагсахад нөгөө талд нь “Ухаа худагаа буцааж авъя” гэсэн жагсагчид гараад ирдэг байсан. Өөрийг нь шүүмжилсэн бүхнийг зөрүүлж харлуулах пиар явуулдаг байсан нь нууц биш. Тэр инстикт нь энэ удаа ч ажиллажээ. Харбины гэрээг гардан гүйцэтгэсэн учраас шалгаад эхэлбэл тэр асуудалд унана гэж айсан аж. Үнэхээр л өгөөжтэй гэрээ байсан бол ийнхүү сандарч, өрсөн өөр түр хороо байгуулахын оронд нүүр бардам шалгуулах байсан. Гэвч тэгж чадсангүй.
Ж.Баярмаа гишүүн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд найдлага тавьж, “Ач холбогдлоор илүү чухал түр хороог нь түрүүлж байгуулж өгөх байх” гэж байсан нь ч талаар болов. Ингээд Харбины гэрээний асуудал энэ чуулганаар яригдахгүй нь.
МАН-ын талцлын үр дүнд эрх баригчид бие биеийнхээ олон булхайг илчилсэн билээ. Харамсалтай нь, Харбины гэрээ яригдсангүй. Нэг тал болсон, эсвэл “эвлэрэх” зай үлдээгээд байгаа биш л бол Засгийн газар асар их алдагдал учруулсан байж болзошгүй Харбины гэрээг ил болгож ажлаа дуустал хийх ёстой. Үнэхээр нүүрсийг зах зээлийн ханшаас хэт доош үнэлж зарсан уу, өөр ямар ашиг сонирхол байна гэдгийг олон нийт харах, хянах, мэдэх эрхээ эдэлмээр байна.
https://eagle.mn/r/ECV36ho40Lk



