Газрын тосны ханш нэг өдрийн дотор 3 хувиар өсөв

АНУ Хятадын гадаад худалдааны дайн намжихын зэрэгцээ хоёр улсын эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээлтээс сайн гарсан нь өнгөрсөн Баасан гарагт газрын тосны ханш 3 орчим хувиар өсөхөд нөлөөллөө. Ингэснээр долоо хоногийн эцэст:

  • Брент газрын тосны ханш 2.12 ам.доллараар буюу 3.6%-аар өсөж, 61.74 ам долларт хүрэв. 
  • WTI газрын тосны ханш 2.02 ам.доллараар буюу 3.73%-аар өсөж, 56.20 ам.доллар болов.
BRENT болон WTI газрын тосны ханшийг харьцуулсан график болно

Ханшийн өсөлтөд дараах хүчин зүйлс нөлөөлснийг дэлгэрүүлэн хүргэж байна:

Худалдааны дайны “Эхний шат”-ны хэлэлцээр тун удахгүй эцэслэгдэх төлөвтэй байна. Цагаан Ордны зөвлөх Ларри Кудлов Баасан гарагт өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгч Трамп Хятадтай хийх хэлэлцээрийн талаар үнэхээр итгэлтэй байгаа. Эхний шатны хэлэлцээрт арван нэгдүгээр сарын дунд гэхэд хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулах магадлалтай байна” гэв.

АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлтүүд хүлээлтээс сайн гарав. Сар бүрийн эхний долоо хоногийн Баасан гарагт АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн маш чухал үзүүлэлтүүд зарлагддаг бөгөөд зах зээлд оролцогчид, бодлого боловсруулагчид эдгээр үзүүлэлтүүдийг тогтмол харж байдаг билээ. Энэ удаад ажлын байрны тоо хүлээлтээс давж өссөн, ажилгүйдэл өсөөгүй зэрэг нь газрын тосны ханш өсөхөд нөлөөлжээ. 

 

Бодит үзүүлэлт

Таамаглал

Өмнөх үзүүлэлт

Ажил эрхлэгчдийн өөрчлөлт

128’000

89’000

180’000

Хувийн хэлтсийн ажил эрхлэгчдийн өөрчлөлт

131’000

80’000

167’000

ISM АНУ-ын үйлдвэрлэлийн PMI

48.3

48.9

47.8

АНУ Ажилгүйдлийн түвшин

3.6%

3.6%

3.5%

Саудчууд үйлдвэрлэлээ дахин танахад бэлэн. Нигерийн Төрийн сайд Тимипре Сильва хэлэхдээ “Сауди Арабын Эрчим Хүчний Сайд Ханхүү Абдулазиз дэлхийн бусад үйлдвэрлэгчидтэй тохиролцсоноосоо илүү их хэмжээгээр олборлолтоо багасгахад бэлэн байна” гэжээ.

Блумберг ТВ-д өгсөн ярилцлагадаа Сильва “Даваа гарагийн уулзалтаар олборлолтын хэмжээг хэлэлцээгүй ч, Ханхүү Амбдулазиз олборлолтоо улам танахад бэлэн гэдгээ надад амласан” гэжээ.

Сауди Араб нь ОПЕК болон Орос гэх мэт үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч улсуудын хамтаар ирэх оны гуравдугаар сарыг дуустал олборлолтоо танаж байгаа билээ. ОПЕК ба түүний түнш улсууд арванхоёрдугаар сард уулзахаар төлөвлөөд байгаа бөгөөд эрэлт буурч нийлүүлэлт ихэссэнээс үүдэлтэйгээр ханшийг дэмжих зорилгоор олборлолтоо дахин танах эсэх тухай хэлэлцэхээр болжээ.

Цаашид ханшид нөлөөлж болох хүлээгдэж буй үйл явдлууд:

Ирэх долоо хоногт АНУ-ын үйлдвэрлэгчдийн үнийн индекс болон хэрэглэгчдийн үнийн индекс зарлагдана. Шинжээчдийн таамагласнаар индекс өсөх хандлагатай байна. Хэрэв эерэг гарвал ам.долларын ханш дэмжигдэх ба газрын тосны ханш өсөх хүлээлттэй байна. Үүнээс гадна ОПЕК сар тутмын тайлангаа гаргахын зэрэгцээ арван хоёрдугаар сарын таван, зургаанд болох ээлжит уулзалт зах зээлд ихээхэн хүлээлтийг үүсгээд байна.

Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, аж үйлдвэрлэлийн гарцын өсөлт буурч байгаа учир ОПЕК болон ОПЕК+ улсууд олборлолтоо нэмж танах магадлалтай гэсэн хүлээлт их байна. Үнэхээр газрын тосны гарцаа нэмж танавал ханшид өсөлт ажиглагдах юм гэж Голомт банкны Арилжааны хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen