207 дугаар байрны зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлнэ
Газ дэлбэрэлтэд өртсөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад 1 жил найман сар шаардлагатай гэж албаныхан үзэж буй. Тус байрны оршин суугчдын түрээсийн байрны хугацаа 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр дууссан юм. Тиймээс нийслэлийн удирдлагын зүгээс түрээсийн байрны төлбөрийг найман сараар үргэлжлүүлэн сунгах захирамж гаргаж, оршин суугчидтай гэрээ байгуулжээ. Энэ талаар НЗДТГ-аас тодруулахад "Өнгөрсөн есдүгээр сард 207-р байрны 63 оршин суугчид найман сарын түрээсийн төлбөрийг шилжүүлсэн. Оршин суугчдын зүгээс барилгыг буулгаж, дахин бариулах санал гаргасан. Үүний дагуу зураг, төсвийг хэлэлцсэн. Үүнд 2.4 тэрбум төгрөгийн төсөв гарсан. Энэ онд багтааж 207-р байрыг буулгана. Иргэд бидэнд байрыг буулгуулах саналаа өгөх ёстой. Үүний дараа дүгнэлт гаргаж, барилгыг буулгах компанийг сонгон шалгаруулна.
УОК-оос 2.9 тэрбум төгрөгийг нийслэлд шилжүүлснээс 1.5 тэрбум төгрөгийг иргэдийн түрээсийн мөнгийг найман сараар сунгахад зарцуулсан.
Үлдсэн мөнгийг барилгыг буулгахад зарцуулна. Барилгын буцаж босох өртөг 1м.кв нь 2.5 сая төгрөг. Үүнийг 2025 оны төсөвт НЗД-ын нөөц хөрөнгөөс шийдүүлэхээр яригдаж байна. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас шүүхийн шийдвэр гарсны дараа буруутай этгээдүүдээр төлүүлнэ" гэв. Буруутай этгээд гэдэгт тухайн газ тээвэрлэж явсан"Дашваанжил" ХХК-ийн хүнд даацын автомашин, Батлан хамгаалах яамны эзэмшлийн "Nissan Patrol" маркийн суудлын автомашины жолоочид хамаарч буй. Гэвч өнөөдрийн байдлаар хэн буруутай эсэхт шүүхийн шийдвэр гараагүй байгаа юм.