Н.Баярсайхан нарын мэргэжлийн хяналтынхны эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/, шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

 

шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцэж шүүхээс шийтгэх тогтоол гарсан. Уг шийтгэх тогтоолд улсын яллагч эсэргүүцэл бичсэний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэж, Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Уг магадлалд шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргасны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, нэр бүхий 6 шүүгдэгчид холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Баярсайхан, Э.Аззаяа, Ш.Тэгвандан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс, Д.Төмөрбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт товлосон бөгөөд уг шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь эрүүл мэндийн шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй, энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч С.Бүрэнтөгсийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь “...Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай” хүсэлт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулав.


Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen