Airbus компани “далавч ба эх бие үргэлж” нисэх онгоцны загварыг танилцуулжээ

Дэлхийн томоохон нисэх онгоц үйлдвэрлэгч Airbus компани өчигдөр Сингапурт болж буй агаарын технологийн шоуны үеэр далавч болон эх бие нь нэгдмэл бүтэцтэй онгоцны загварыг танилцуулжээ. Тус компани ийм загварын нисэх онгоцыг өнгөрсөн оноос эхлэн Францын нутаг дэвсгэрт туршиж байгаа юм. Далавч, эх бие нь нэгдмэл бүтэцтэй загварыг бүр 1940-өөд оны үеэс АНУ-ын компаниуд сонирхон судалж байжээ. Ийм загварын онгоцыг жолоодоход түвэгтэй боловч аэродинамикийн хувьд оновчтой шийдэл тул шатахуун бага зарцуулж, хүлэмжийн хийн ялгарлыг 20 хувь бууруулдаг юм. Нэг үгээр хэлбэл байгаль орчинд ээлтэй загвар тул ирээдүйд бүх нисэх онгоц ийм болно гэж үздэг.

Airbus компани 2030-аад оноос эхлэн дундын зайн нислэгт ийм загварын онгоцнуудыг ашиглаж эхлэх төлөвлөгөөтэй гэнэ. Өмнө туршиж байсан загваруудаас ялгаатай нь Airbus компани энэ удаа илүү хөнгөн материал ашиглаж, компьютерийн хяналт, удирдлагын системийг нь эрс сайжруулсан байна. Одоо тус компани шинэ загварын нисэх онгоцны бүхээгийг хэрхэн зохион байгуулах, нисэх буудлуудад хэрхэн нийцүүлэх асуудлуудыг судалж байгаа гэнэ. Жишээ нь ийм онгоц цонхтой байх уу, эсвэл гадаад орчноо зорчигчид дэлгэцнээс хардаг байх уу гэсэн шийдэгдээгүй асуудал байгаа юм. 

Учир нь уламжлалт загвартай онгоцонд зорчигчид зөвхөн эх бие дотор суудаг бол шинэ загварын онгоцны далавчинд суудаг болох гэнэ. Далавчны хэсэгт зорчигчийн суудал байрласнаар онгоцны хөдөлгөөн илүү их мэдрэгддэг болох тул уг нөлөөг хэрхэн бууруулах асуудлыг шийдэх шаардлагатай байгаа ажээ.

Р.Түвшин 

Эх сурвалж: Reuters

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen