Халимагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан БАТУ ХАСИКОВ гэж хэн бэ?

Кикбоксчин, дэлхийн олон удаагийн аварга Бату Хасиков Бүгд Найрамдах Халимаг улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос эхлэн тус улсын Төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэж байсан Бату сонгогчдын 82.57 хувийн саналаар сонгуульд ялжээ. Түүний ард 8.51 хувийн саналаар Наталья Манжикова оржээ. Гуравт 3.35 хувийн саналаар Петр Вышкварок жагссан байна.

39 настай Бату Хасиковыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа түүний эхнэр Елена Хасикова цахим хуудсаараа дамжуулан нөхөртөө баяр хүргээд түүнийг ялна гэдэгт итгэлтэй байсан талаараа бичсэн байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халимагийн Ерөнхийлөгч Алексей Орловыг “өөрийнх нь хүсэлтээр огцруулж”, Бату Хасиковыг томилсон нь хэсэгтээ олны анхаарлыг татсан. Түүний цаана Путин байсаар байх нь тодорхой гэж ажиглагчид дүгнэж буй.

Тамирчин, бизнесмен, нийгмийн зүтгэлтэн

Бату Хасиков Москвагийн Улсын Багшийн Их Сургуулийг төгссөн. Тэр ОХУ-ын Төрийн Албаны Академид магистрын зэрэг хамгаалжээ. Алдартай тамирчин төдийгүй бизнесмен, нийгмийн зүтгэлтэн тэрбээр өмнө нь Залуучуудын асуудал эрхэлсэн агентлагийн даргын зөвлөхөөр ажиллаж, Оросын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлд Халимагийг төлөөлж, цагдаагийн байгууллагад ажиллаж байв.

Тулааны спортод дэлхийн дэвжээнээс олон медаль зүүж байсан Бату Хасиков Бату хаан нэрээр алдаршсан. Тэрбээр ийнхүү Бүгд Найрамдах Халимаг улсын гурав дахь Ерөнхийлөгч боллоо. 

 

Бату “Fight Nights” компанийг үүсгэн байгуулагчдын нэг. Тэрбээр тулаанаараа дамжуулан компаниа ОХУ-д төдийгүй олон улсад  таниулсан нэгэн. Кикбоксын од түүний нэрээр “Fight Nights” бэхэжжээ.

34 настайдаа спортоос явжээ

Бату Хасиков 1980 оны зургадугаар сарын 28-нд Москвад төрсөн. Хасиковын гэр бүл 1991 онд Халимгийн Лагань хотод очиж суурьшсанаар Бату Халимагийн хүү болов.

Түүнийг аав ээж нь жүжигчин болгохоор ардын бүжгийн дугуйланд оруулсан ч Бату 11 настайгаасаа эхлэн каратэгээр хичээллэлээ. “Тулааны урлаг бол миний хувьд спорт биш. Энэ бол амьдралын хэв маяг юм. Өөрийгөө нээх нэг арга” гэж 34 настайдаа спортоо орхисон Бату ярьдаг.

Тэрбээр таван жилийн дотор гурван удаа Ази төдийгүй ОХУ-ын аварга болжээ.

Жүжигчин Бату Хасиков

Бату Хасиков 2007 онд “Сүүдэртэй тулалдсан нь 2” кинонд тоглож анх дэлгэцнээ гарсан бол 2007-2015 онд дөрвөн уран сайхны, хоёр баримтат кинонд тоглов. Тэрбээр аль ч дүрээ үзэгчдийн сэтгэлд тод үлдэхээр бүтээсэн гэгддэг. Түүний аав, ээж хоёр нь хүүгээ жүжигчин болгохыг хүссэнд учир байсан бололтой.

Сайн аав, сайн хань

Бату эхээс гурвуулаа. Түүний аав Сергей Санжигоряевич Хасиков нь халимаг хүн. Инженер технологич тэрбээр Красноярскийн уугуул бол ээж Фирюза Шарифуллаевна Хасикова нь татар эмэгтэй. Сургуульд гадаад хэлний багшаар ажилладаг аж. Батугийн эмэгтэй дүү нь хүүхдийн сэтгэл зүйч бол эрэгтэй дүү нь дизайнер гэнэ.

Халимагийн шинэ Ерөнхийлөгчийн эхнэр нь загвар зохион бүтээгч. Елена Хасикова 2013 онд П.Ф.Лесгафтын нэрэмжит Үндэсний биеийн тамир, спорт, эрүүл мэндийн улсын их сургуулийг төгсжээ. Тэрбээр энэ оны гуравдугаар сард Халимагийн нийслэл Элистад амьдрахаар ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлсэн билээ. Хосууд охин, хүү хоёртой.

Бату Хасиков Буддын шашинтай. Тэр 2014 онд аавтайгаа түүнийг эхнэр авахыг зөвлөсөн хамба лам Дамба Аюшеевтай уулзахаар Улаан-Үдэд ирж байв.

Бату Хасиков, Елена Хасикова нар үлгэр жишээ гэр бүл. Халимагийн шинэ Ерөнхийлөгч маш сайн аав, сайн хань юм. Тэд хувийн амьдралаа олноос нууц байлгахыг хүсдэг. Хамгийн “шалгагдсан” сэтгүүлч нар ч тэдний гэр бүлийн хувийн мэдээллийг цуглуулж дөнгөдөггүй байна. Гэхдээ Бату, Елена нар “Instagram” хөтөлдөг.

Бату 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путиныг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь дэмжиж, сонгуулийн кампанит ажлынх нь нүүр царай болж байв.

Халимагийн тухай

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд Найрамдах Халимаг улс нь Каспийн тэнгисийн баруун хойд эрэгт оршино. Нийслэл нь Элиста.

Халимаг нь өмнөд хэсгээрээ Дагестан, баруун хэсгээрээ Ростов муж, зүүн хэсгээрээ Астрахань мужтай хиллэнэ. Хүн амын дийлэнх нь ойрад монголчууд. Мөн орос, украин, чечень, осет, дагестан үндэстэн бий. Халимаг нь Европ дахь цорын ганц Буддын шашинтай улс юм.

О.Чанцалдулам

Эх сурвалж: Zindaa.mn

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen