Нян судлаач эмчийн тамгыг хуурамчаар үйлдэж, 12 иргэний эрүүл мэндийн хуудсыг бөглөжээ

Нян судлаач эмчийн тамгыг хуурамчаар үйлдэж, 12 иргэний эрүүл мэндийн хуудсыг бөглөжээ

 

Р нь эмнэл зүйн лабораторийн нян судлаач их эмчийн хувийн тамгыг хуурамчаар үйлдэж, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт хуурамч бичилт хийж, 13.8 сая төгрөгийн ашиг олжээ. 

Тодруулбал, Р нь Д аймгийн Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа 2025 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд эмнэл зүйн лабораторийн нян судлаач их эмчийн хувийн тамгыг дуурайлган хийлгэжээ.

Улмаар “Үзлэгт орсон, эрүүл байна” гэх агуулга бүхий бичилтийг хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагын ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрт хийж, хуурамч тамга дарсан байна. Энэ хугацаанд 12 иргэний эрүүл мэндийн дэвтэрт хуурамч тамга дарснаар 13,869,000 төгрөгийн ашиг олжээ. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч "Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн байцаагч нь манай Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн эрхлэгч руу залгаж “Танай ээлжийн амралттай байгаа эмчийн чинь тамга урьдчилсан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр дарагдсан байна” гэж гэж хэлсэн.

Тэгэхээр нь  “Л” дэлгүүрийн менежер рүү залгаж “Танайх шинжилгээ өгөөгүй байж ажилчдынхаа урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр манай байгууллагын тамгыг дарсан байна. Танайх урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээрээ хэнээр, хэрхэн яаж манай байгууллагын тамга тэмдгүүд даруулсан юм бэ?” гэж асуухад “Танай байгууллагаас тэтгэвэртээ гарсан гээд нэг хүнтэй утсаар яриад  зах дээр уулзаж дэвтрүүдээ өгөөд хэсэг хугацааны дараа буцаан авсан. 

Тухайн хүн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр 1 хүнээс 40,000 төгрөгийн хөлс авч нийт 12 ажилчдын дэвтэр дээр тамга тэмдэг даруулсан” гэжээ.

Бид нар тухайн дэвтэр дээр дарагдсан огнооны дардас болон манай эмнэлгийн лабораторийн эмч М-ийн хувийн тамга болон Нэгдсэн эмнэлгийн “эмгэг төрөгч”, “нян илрээгүй” гэх тамгануудыг хуурамчаар дуурайлгаж хийсэн байсныг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан" гэж мэдүүлжээ. 

Эмнэл зүйн нян судлаач их эмч "2025 оны 07 сарын 13-нд Улаанбаатар хотод авто осолд орсны улмаас 2025 оны 07 сарын 13-аас 08 сарын 01-ний хооронд листтэй байж байгаад 2025 оны 08 сарын 01-ээс 2025 оны 09 сарын 09 хүртэлх хугацаанд ээлжийн амралттай байсан.

Энэ хугацаанд би хувийн тамгаа өөртөө байлгаад байгууллагын 2 тамгыг цуг ажилладаг эмчид үлдээсэн байсан. Тухайн дэвтэр дээр дарагдсан тэмдэг, дардаснууд миний ашигладаг тамга тэмдэг, дардаснаас өөр байв. Мөн миний гарын үсгийг дуурайж зурах гэж оролдсон байсан ч миний гарын үсгээс өөр байсан" гэж мэдүүлсэн байна. 

Ажилчдын эрүүл мэндийн хуудсанд тамга даруулсан гэх гэрч "Ажлын менежер надаас "Ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэр дээр үзлэгт орсон гээд тамга тэмдэг дараад өгчих хүн байна уу?” гэж асуусан. Тэгээд 50 орчим насны эмэгтэй хүнтэй уулзаад эрүүл мэндийн дэвтрүүдийг өгсөн. Ойролцоогоор 4-5 хоногийн дараа зах дээр явж байтал над руу залгаж дэвтрүүдээ буцааж өгсөн. Тухайн дэвтэр дээр "Эрүүл" гэж бичээд, тамга тэмдгийг дарсан байсан юм" гэж мэдүүлсэн байна. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. 

Мөн хууль бусаар олсон ашиг болох 13,890,000 төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор болжээ. 

Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл. Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах
1. 1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг үйлдэж бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн тогтоол 

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen