Хантавирусийн халдвараар гурван хүн нас баржээ
ДЭМБ-ын мэдээлснээр, Атлантын далайгаар аялж явсан аяллын хөлөг онгоцонд хантавирусийн дэгдэлт гарсны улмаас гурван хүн нас баржээ. Мөн нэг хантавирусийн тохиолдол батлагдсан бөгөөд таван сэжигтэй тохиолдлыг шалгаж байна. Дэгдэлт Аргентинаас Кабо Верде руу явж байсан "MV Hondius" аяллын хөлөг онгоцонд гарсан бөгөөд сэжигтэй тохиолдлуудын талаар "нарийвчилсан мөрдөн байцаалт" үргэлжилж байгааг ДЭМБ онцолсон. Лабораторийн нэмэлт шинжилгээ явуулахаа мэдэгджээ.
Хантавирус нь хулгана, харх зэрэг мэрэгч амьтдаар дамждаг вирус юм. Хүмүүс ихэвчлэн мэрэгч амьтдын хатсан шээс, баас, эсвэл шүлснээс гарсан маш жижиг тоосонцрыг амьсгалснаар халдвар авдаг байна. Зарим тохиолдолд халдвартай мэрэгч амьтанд хазуулах эсвэл маажуулах үед халдвар дамжиж болдог. Энэ вирус хоёр төрлийн ноцтой өвчин үүсгэдэг. Тодруулбал:
- Хантавирусийн уушгины хам шинж:
Эхэндээ ядрах, халуурах, булчин өвдөх шинж тэмдэг илэрнэ. Дараа нь толгой өвдөх, толгой эргэх, дагжих, гэдэс өвдөх зэрэг шинжүүд гарч болно. Амьсгалын замд нөлөөлбөл маш аюултай бөгөөд нас баралтын хувь ойролцоогоор 38 хувь байдаг. - Бөөрний хам шинжтэй цус алдалт, халууралт:
Энэ нь илүү хүнд хэлбэр бөгөөд ихэвчлэн бөөрийг гэмтээдэг. Цусны даралт буурах, дотоод цус алдах, бөөрний дутагдал үүсэх зэрэг шинж тэмдэг илэрч болно.
Хэдийгээр хантавирусийн халдвар авах тохиолдол ховор боловч маш ноцтой байдаг аж.
Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн тайланд дурдсанаар, жил бүр дэлхий даяар хантавирусийн 150 мянга орчим тохиолдол бүртгэгддэг бөгөөд голчлон Европ, Азид бүртгэгддэг. Тохиолдлын талаас илүү хувь нь Хятадад ихэвчлэн тохиолддог байна. АНУ-ын хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад хантавирусийн тандалт эхэлсэн 1993 оноос 2023 он хүртэл тус улсад 890 тохиолдол бүртгэгдсэн байна.
Хантавирусийг эмчлэх тусгай эмчилгээ байдаггүй. Одоогоор өвчний шинж тэмдгийг намдаах зорилгоор эмчилгээ хийдэг байна. Үүнд хүчилтөрөгч өгөх, амьсгалын аппарат ашиглах, вирусын эсрэг эм, зарим тохиолдолд бөөрний үйл ажиллагааг дэмжих диализ зэрэг орно. Хүнд хэлбэрийн өвчтөнүүдийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчлэх шаардлагатай байдаг. Зарим тохиолдолд амьсгалын гуурс тавьж амьсгалын замыг нь дэмждэг байна. Мэргэжилтнүүдийн зөвлөснөөр халдвараас сэргийлэх хамгийн сайн арга нь гэр, ажлын байранд зэрэг аль ч газар мэрэгч амьтадтай харьцахаас зайлсхийх юм. Мөн хонгил, дээврийн хөндий зэрэг газарт нүх, завсрыг бөглөж, мэрэгч орохоос сэргийлэх хэрэгтэй. Мэрэгчийн баас, шээс цэвэрлэх үед хамгаалах хэрэгсэл өмсөж, бохир тоосыг амьсгалахгүй байхыг зөвлөдөг.
Жүжигчин Жин Хэкмэний эхнэр Бетси Аракава 2025 оны хоёрдугаар сард Хантавирусийн уушгины хам шинжээс болж нас барсан. Шалгалтаар түүний амьдардаг газарт мэрэгчийн үүр, үхсэн хулганууд олдсон тул хантавирусийн халдвар авсан байсан гэж үзжээ.



