Д.Трампын хөргийг АНУ-ын паспорт дээр хэвлэнэ
ВАШИНГТОН, 2026 оны дөрөвдүгээр сарын 29 /DW/. АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан тус улсын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хөрөг бүхий паспортуудыг цувралаар гаргахаар болжээ. Ийм иргэний үнэмлэхийг АНУ-ын нийслэл Вашингтон хот дахь Паспортын агентлаг олгоно гэж Төрийн департамент мэдээлсэн байна.
Паспортын загварыг үзвэл, хавтасны дотор талд Трампын хөрөг болон алтан үсгээр бичсэн түүний гарын үсгийг байрлуулах ажээ. Паспортын арын нүүрэнд Америкийн зураач Жон Трамбуллын "Тусгаар тогтнолын тунхаглал" зургийн хэсгийг тавина. Ийм үнэмлэхийг нийт хэдэн ширхэг гаргах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Паспортын стандарт загварын хавтасны дотор талд Америкийн өөр нэгэн зураач Эдвард Перси Мораны зураг байдаг. Уг зураг дээр Балтимор хотын Макгенри бэхлэлтийг Британийн цэргүүд бөмбөгдсөний дараа АНУ-ын төрийн дууллын үгийг зохиосон Фрэнсис Скотт Киг дүрсэлсэн байдаг бөгөөд энэхүү үйл явдал нь хамгийн алдартай бүтээлээ туурвихад нь Кид онгод өгсөн гэж үздэг.
АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ойд зориулан гаргах 100 долларын дэвсгэрт дээр ерөнхийлөгчийн гарын үсгийг хэвлэхээр болсон тухай гуравдугаар сарын 23-нд мэдээлсэн юм. Цагаан ордны тэргүүний гарын үсэг мөнгөн дэвсгэрт дээр сангийн няравын гарын үсгийг сүүлийн 165 жилийн хугацаанд анх удаа орлох гэж буй нь энэ юм.
АНУ-ын Урлагийн комисс тусгаар тогтнолын ойд зориулан Д.Трампыг ширээний ард гараа зангидан зогсож буйгаар дүрсэлсэн, "Эрх чөлөө" (Liberty) гэсэн бичигтэй 24 каратын алтан зоос гаргахыг зөвшөөрчээ. 2025 оны 10 дугаар сард Трампын засаг захиргаа тус комиссын бүх гишүүнийг халж, оронд нь Цагаан ордны тэргүүний ойрын хүмүүсийг томилсон юм.
Өмнө нь Төрийн департамент АНУ-ын Энх тайвны хүрээлэнг Д.Трампын нэрэмжит болгосон бол Вашингтон дахь Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн төвийн нэрийг "Дональд Ж.Трамп болон Жон Ф.Кеннедийн нэрэмжит Дүрслэх урлагийн дурсгалын төв" хэмээн өөрчилжээ.
Цагаан ордны тэргүүн мөн АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд зориулан хамгийн сүүлийн үеийн зэвсгээр тоноглогдсон "Трамп" ангиллын хоёр шинэ байлдааны хөлөг онгоц үйлдвэрлэх гэж байгааг зарлаад байгаа билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


